Словакаас 300 үхэр оруулж ирнэ
-А.Бат-Эрдэнэ: “Чингис” бонд үндэсний компаниудыг хөгжүүлэх бодит хөрөнгө оруулалт болсон-
1
Шинэчлэлийн Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрийг “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн. Энэ хүрээнд 888 төслийг шалгаруулан санхүүжүүлэхээр болсон. Энэ төсөлд шалгарсан компаниуд төслөө хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байна вэ? Уг төсөлд шалгарсан “Сүү” ХК-ийн хөдөө аж ахуй хариуцсан дэд захирал А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
1
-Төслийн шалгаруулалтад багтаад санхүүжилтээ авсан уу? Төслийг хэрэгжүүлэлт ямар явцтай байна вэ?
-Засгийн газраас томоохон бүтээн байгуулалт хийх санаачлага гаргаад, дотоодын үйлдвэрүүдээ дэмжихээр 20 гаруй тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн. Нэн ялангуяа, сүүний ферм, өндөр ашиг шимтэй үхэр авах, саалийн үхрийн генфондыг сайжруулах төсөл зарласан. Энэ дагуу уг төсөлд олон аж ахуйн нэгж, компаниуд шалгаруулалтад оролцсон. Үүний нэг нь манай “Сүү” ХК. Манай компани 300 үнээ Словак улсаас авахаар гэрээ хийгдсэн. “Чингис” бондын хүрээнд урьдчилгаа мөнгө нь төлөгдсөн. Ингээд есдүгээр сарын 10-даар үхэр орж ирэхээр болж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Бороогийн голд 800 үнээний ферм байгуулахаар ажиллаж байна. Энд барилга байгууламж, худаг ус, эрчим хүч, тэжээл үйлдвэрлэл, сүү үйлдвэрлэл гээд цогцоор нь хөгжүүлнэ. Фермийн шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ, Беларусь, Герман, Хятад орнуудаас авч байна. Гэхдээ цаг хугацаа маш шахуу байгаа. Тиймээс бид хадландаа гарч, дарш хураалт, үр тариагаа бэлдэх, тоног төхөөрөмжүүдээ авчирч байршуулах гээд ажил ихтэй байна. Бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байгаа.
1
-Словак үхрийн ашиг шим, монгол үхрээс давуу тал нь юу вэ?
-Словакын сүүний чиглэлийн үхрийн ашиг шимийн түвшин маш өндөр. Жилдээ дунджаар 8000 литр сүү өгдөг. Долдугаар сард очиж гунжаа сонгосон. 2-7 сарын хээлтэй гунжнууд орж ирнэ. Өөрөөр хэлбэл, 9 дүгээр сард орж ирсэн гунжнууд маань 11 дүгээр сараас туглаж эхэлнэ. 300 үнээ өдөртөө 6 орчим тн сүү нийлүүлэх юм. Ингэснээр орхигдоод байсан салбарыг олон улсын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, хангамжийг нэмэгдүүлэх асуудалд бодитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд дэмжин ажиллаж байгаад талархаж байгаагаа энэ ялдамж илэрхийлье.
1
-Үхрийн тэжээлийг яаж бэлтгэх бол. Хадлан хураах уу, тусгай бэлдмэлээр үү?
-Тэжээл хамгийн чухлаар тавигдаад байгаа юм. Саалийн үнээ нь нутгийн үхрийг бодвол хэд дахин илүү тэжээл иднэ. Тэжээлийн найрлагад зарим нэмэлт зүйлийг оруулна. Яагаад гэвэл өдөр бүр 20 гаруй литр сүү өгнө. Сүүнд 200 гаруй төрлийн бодис, хамгийн зохистой хэмжээгээр агуулагдаж байгдаг тул хүнсний маш чухал зүйл, мөн ийм тэжээллэг зүйлийг үйлдвэрлэж байгаа үнээнд биеэсээ алдсан чухал шимт бодисыг тэжээлээр нь өгөх шаардлагатай. Тийм учраас тэжээл маш чухал. Үхрийн тэжээлд хэрэгцээт зүйлсийн дийлэнхийг бид өөрсдийн хүч боломжиндоо тулгуурлан бэлтгэнэ.
1
-Үхрийн үржилд яаж анхаарч байна вэ? Монгол үхэртэй нийлүүлэх үү, эсвэл.
-Бид хар тарлан үхэр авч байгаа. Монгол үхэртэй нийлүүлэх ойлголт байхгүй. Энэ үүлдрээрээ дагнана.
1
-Төсөл хэрэгжиж эхэлснээр танай компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрхэн нэмэгдэж байна вэ?
-Манай компани өөрийн гэсэн саалийн ферм байгаагүй. Гэрээгээр сүү нийлүүлдэг жижиг фермерүүд, аж ахуйн нэгж, малчид байгаа. Фермерүүд төвлөрсөн нэлээд хэдэн сумдад сүү хүлээн авах, хөргөх цэгүүдийг байгуулсан. Дулааны улиралд сүүний нийлүүлэлт хангалттай байдаг учраас бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Өдөртөө 200 гаруй тонн сүү хүлээн авч, боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монголын ууган үйлдвэрийн нэг. Хэдэн жилийн өмнө “Сүү” ХК-аас Төв аймгийн Батсүмбэр, Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн фермерүүдийн дунд саалтуур байгуулж байлаа. Улирлаас шалтгаалахгүйгээр шингэн, шинэ сүү үйлдвэрлэх нь чухлаар тавигдаж байна.
1
-Ажлын байр нэмэгдэх үү?
-Ферм ажиллаж эхэлснээр байнгын 20 гаруй ажлын байр, улирлын чанартай 20-30 ажлын байр гарна.
1
-Малчдаас сүү авах нь хэвээр үргэлжлэх үү? Боловсруулагдаж байгаа сүү хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаас хэр найдвартай вэ?
-Сүү авах байдал хэвээр үргэлжилнэ. Дулааны улиралд малчид болоод фермүүдийн сүү үйлдвэрлэл нэмэгддэг. Тэр үед саалийн фермийн сүүгээ бяслаг хийхэд ашиглана. Бид өвлийн улиралд фермийнхээ сүүг нийлүүлнэ. Бусад үед малчид, фермерүүдээс сүү татан авч, үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ түгээнэ. Хотын иргэдийг сүүгээр хангая гэвэл саалийн механикжсан ферм зайлшгүй байгуулах шаардлагатай. Сүү хөдөөд суманд, малчдын гар дээр байдаг. Гэтэл тэр сүүг Улаанбаатар руу нийлүүлэх маркетингийн бодлого, ложистик дутагдаад байна. Дээр нь хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Сүүг үхрийн дэлэнгээс гараад хэрэглэгчийн ширээнд хүртлээ гадаад орчинтой, задгай агаартай харьцахгүй байх ёстой гэж хөгжиж буй орнууд баримталдаг. Бидний үйлдвэрлэх сүү үнээний дэлэнгээс саалтуураар саагдаад, цэвэр ган турбаагаар дамжаад, хөргөлтийн төхөөрөмжид хадгалагдана. Тэгээд зориулалтын сүүний машинаар тээвэрлэгдэн үйлдвэрт ирээд боловсруулагдан, хэрэглэгчдэд хүрнэ. Хэрэглэгчдийн гарт ирэх хүртлээ сүү боловсруулалт технологийн дагуу тоног төхөөрөмжөөр дамжигдан боловсруулагдаж, савлагдсан байх ёстой. Үхрийн дэлэнгээс саагдсан сүү хоёр өдрийн дотор хэрэглэгчдэд хүрэх ёстой. Тиймээс бид үйлдвэрлэлээ ингэж явуулснаар хангамжийн төдийгүй хүнсний аюулгүй байдлыг давхар хангаж байгаа юм.
1
-Экспортыг дэмжих, импортыг орлох талаасаа ферм ажиллаж эхэлснээр ямар өөрчлөлт гарах вэ? Ферм ажилласнаар нийслэлчүүдийн сүүний хэрэгцээний хэдэн хувийг хангах бол.
-300 үнээ оруулж ирж, фермээ ажиллуулах нь зөвхөн эхлэл юм. Цаашдаа үхрийнхээ тоог төлөөр нь өсгөнө. 7-8 жилийн дотор 800 хүртэл үхэртэй болох төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээнд очиход Сүү ХК-ны сүүний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг фермээсээ хангах бололцоотой. Дотоодын хэрэгцээгээ хангаж, импортоор хуурай сүүг авахыг зогсоох чиглэлээр ажиллаж байгаа.
1
-“Чингис” бондын санхүүжилт бусад ЖДҮ эрхлэгчдэд хэр өгөөжөө өгсөн гэж бодож байна вэ?
-Маш олон аж ахуйн нэгж санаачилж, төлөвлөж байсан боловч хөрөнгө санхүүгийн дутагдлаас болоод хүндрэлтэй учирч, зарим нь хэрэгжүүлж чадалгүй, хугацаа алдсаар байдаг. Харин “Чингис” бондоос санхүүжүүлэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн дунд төсөл шалгаруулсан нь маш их ач холбогдолтой болсон. Олон аж ахуйн нэгж, иргэдийн хүсэл биелж, төлөвлөж байсан төслийг “Чингис” бондын санхүүжилтээр эхлүүлсэн. Ямар нэг ажлыг эхлүүлэх алхам хийнэ гэдэг нь асар том зүйл. Ажил эхэлснээр цаашдаа үргэлжилнэ, тэлнэ. Олон аж ахуйн нэгжид алхах боломж олгож өгсөн нь үндэсний компаниудыг хөгжих, дэвжих, хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн том хувь нэмэр, бодитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болсон. Салбарын хөгжлийг урагшлуулахад түлхэц болсон.
1
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ