Ц.Элбэгдорж: Шинэ хуудас нээсэн түүхэн айлчлал болж байна
БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэ өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дара Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийсэн юм.
х
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-БНХАУ-ын дарга Си Зиньпин миний урилгаар манай оронд БНХАУ-ын даргын хувиар анхны төрийн айлчлалаа хийж байна. Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн төвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал санал нэгдлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийсэн. Уулзалт хэлэлцээр найрсаг, элгэсэг дотно уур амьсгалд боллоо. Хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрсэн. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондох харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэж үзэж, цаашид уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсч байна.
Үүнд:
-Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх,
-Дотоод хэрэгт үл оролцох,
-Эрх тэгш харилцан ашигтай байх,
-Энх тайвнаар зэрэгцэн орших,
-Тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх гэж тодорхойллоо. Дээр нь нэмж “талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл бүлэглэлд нэгдэхгүй, тийм үйл ажиллагааг өөрийн нутаг дэвсгэрт явуулахыг аливаа гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг онцлон тэмдэглэлээ. Өнөөдрийн хамтарсан тунхаглал бол манай хоёр улсын харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлэх эрмэлзлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэйгээр харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Си Зиньпинийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой, түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм. Айлчлалаар хоёр улсын яам, агентлаг, аж ажуйн нэгжийн хооронд яриа хэлэлцээ хийгдэж, 30 гаруй санамж бичигт гарын үсэг зурж байна. Эдгээр нь энэ айлчлалын агуулга, ажил хэрэгч талыг илтгэж байгаа юм. Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс БНХАУ-тай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурдахыг хүсч байна. Энд далайн боомт, төмөр замын шинэ гарц, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үргэлжлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.
х
Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх, тэргүүн ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөл бүрдүүлж ажиллах хэрэгтэй байгаа талаар би БНХАУ-ын талд санал тавьж ярилцлаа.
а
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнд гүнзгий боловсруулалт хийх, экспортлох, дэд бүтцийн салбар ялангуяа төмөр замын салбарыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, тодорхой ахиц дэвшил гаргах талаар тохиролцлоо. Хоёр тал эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулах асуудлаар харилцан санал солилцож, 2014 онд багтаан тохиролцоонд хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдлээ. Мөн Азиас Европруу Монголын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг жил бүр өсгөх замаар 2020 он гэхэд 100 сая тоннд хүргэх талаар ярилцлаа.
х
БНХАУ-ын дарга миний дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд тэр дунд эдийн засгийн, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн асуудал бүрийг хариуцах эзэнтэй, уг ажил хийгдэх цаг хугацаатай, ачаа барааны хувьд эргэлт нь одоогийн түвшингээс байнга нэмэгдүүлж, хэмжээ нь өсөж байх тодорхой тоотой байх саналыг дэмжсэнд баяртай байна. Энэ нь аливаа хоёр талд ярьж буй ялангуяа эдийн засаг, худалдаа, тээврийн асуудал хугацаатай, хэмжээтэй, хариуцах эзэнтэй, өсөн нэмэгдэж байх зарчим юм. Манай хоёр орны харилцаа хүрээгүй салбар байхгүй гэж байхгүй. Нэмж хэлэхэд хууль хяналт, аюулгүй байдал, банк, санхүү, байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, барилга бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн салбар болон олон талт харилцааны асуудал бидний анхаарлын төвд байгаа. Мөн олон төсөл хөтөлбөр БНХАУ-ын оролцоо, дэмжлэгээр үргэлжлэн, шинээр хэрэгжих болсныг тэмдэглэхэд таатай байна.
а
Төгсгөлд нь хэлэхэд БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпиний айлчлалын үеэр бид харилцан сонирхсон болон олон улс бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох болно. БНХАУ, Монгол Улсыг АПЕК - Ази, Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхэд их анхаарал тавьж онцгойлон дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.
х
Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгаа түүхэн айлчлалынхаа үеэр манай оронд тавтай саатан морилохыг БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, эрхэмсэг хатагтай Пөн Ли-юаньд болон эрхэм зочдод чин сэтгэлээсээ хүсэж байна. Өнөөдөр Та бүхэн манай газар нутагт хур дагуулан бууж ирлээ. Монголчууд “Хувьтай хүн хурнаар” гэдэг. Энэ бол Та бүхэн манай оронд сайхан сэтгэлээр ирснийг болон манай ард түмэн ч Та бүхнийг сайхан сэтгэлээр угтаж буйн илэрхийлэл гэлээ.
х
Үүний дараагаар БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлсэн юм.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ