Цэргийн албан хаагчидтай холбоотой журмуудыг баталлаа

img

Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ дагуу алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нарын гэр бүлийн гишүүний аль нэг нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал тутамд нэг удаа тэтгэмж олгох юм.

Засгийн газраас цэргийн албан хаагчид олгох орон сууцны дэмжлэг нь орон сууц худалдан авах, нөхцөлөө сайжруулах, хувийн орон сууц барих болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Дэмжлэгийн мөнгөн дүн нь төрийн албан хаагчид олгох орон сууцны зээлийн хэмжээний 30 хувиас багагүй байхаар журамд тусгасан байна.

Цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Мөн иргэний байгууллагад ажиллан нийгмийн даатгал төлсөн 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдуулан цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ