Монгол Улс ажиглагчаар оролцов
Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллага АПЕК-ийн Ахлах албан тушаалтнуудын гурав дахь удаагийн уулзалт (SOM3) энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болж өнгөрөв. Уулзалтын өмнө АПЕК-ийн хороод, дэд хороод, ажлын хэсгүүд, мэргэжилтнүүдийн бүлэг, бусад салбар хороодын хуралдааныг 6-19-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 гишүүн эдийн засаг, АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөл, АПЕК-ийн Бизнесийн зөвлөх зөвлөл, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (PECC) болон Номхон далайн арлуудын форум (PIF)-ыг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.
1
Уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, ногоон эдийн засаг-шинэлэг хөгжил, эдийн засгийн шинэчлэлийн асуудлууд, бүс нутгийн дэд бүтэц гэсэн тэргүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг явуулав. Мөн Богорын зорилт болон Ази, Номхон далайн Чөлөөт худалдааны бүс (FTAAP) байгуулах ажлыг хурдасгах, эдийн засгийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих АПЕК-ийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа гишүүн эдийн засгийн орнууд тайлагнан санал солилцжээ.
1
Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллага АПЕК-ийн энэ удаагийн Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид АПЕК-ийн ахлах албан тушаалтны энэхүү уулзалтад анх удаа ПЕКК-ийн Үндэсний хороог төлөөлөн оролцож, энэ үеэр Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг даргалагч, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Баодун болон гишүүн эдийн засгийн орнуудын төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ