Ижил цоохор морьд бэлэглэв
БНХАУ-ын Дарга Си Зиньпиний төрийн айлчлалын хүрээнд “Чингисийн хүрээ” жуулчны баазад монгол үндэсний бэсрэг наадмыг зохион байгуулж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань болон албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав.
о
Бэсрэг наадмын үндэсний бөхийн барилдаанд “Алдар” нийгэмлэгийн бөхчүүд зодоглож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Харин хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач н.Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач н.Пүрэвдоржийн халтар аман хүзүүнд хурдалжээ. Бэсрэг наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гардуулсан байна.
о
Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.
л
Түүнчлэн наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уран нугаралт зэрэг монгол үндэсний гайхамшигт үзүүлбэрүүдийг толилуулжээ. Цэргийн дуу бүжгийн чуулгынхны цоглог дуу, бүжиг, гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Пөн Ли-Юань нар талархан хүлээж авчээ.
Б.Бэхи
Гэрэл зургийг www.president.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ