Ц.Элбэгдорж: Нөхөрлөлийн хүч агуу гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ үргэлжилж байна. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлсэн юм. Тэрбээр:
өа
-Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахан дүүстээ хүргэн мэндчилье. Түүнчлэн энэхүү гарамгай ялалтын гэрч, амьд халуун домог болон налайж суугаа эрхэм ахмад дайчид, хүндэт буурлууддаа ялалтын баярын сэтгэл догдлом мэндийг хүргэе. Тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж мэхийн ёслоё.
өа
Монгол Улс хоёр хөрштэй, дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд оршдог газар зүйн өвөрмөц байршилтай орон. Нэг хоногийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Бид олон зүйлийн гэрээ, хэлэлцээр, мэдэгдэл, тунхаглал, хоёр талын эрх ашгийг хангасан хамгаалсан олон баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотроос хамгийн гол онцлон хэлэх нь хоёр Төрийн тэргүүний гарын үсэг зурж баталсан хамтарсан тунхаглалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сонгосон замыг БНХАУ үеийн үед хүндэтгэн дагах болно” гэсэн зүйлийг тусгасан явдал бол туйлын чухал юм.
өа
Мөн удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах урилгатай байгаа. Энэхүү айлчлалын бэлтгэл ажил дээр бид хоёр талаасаа эрчимтэй ажиллаж байна. Ерөнхийлөгч Путины айлчлал агуулгын хувьд өргөн, шийдсэн асуудлын хувьд өргөн цар хүрээтэй, ирээдүйгээ тодорхойлсон түүхэн айлчлал болно гэдэгт бид бүрэн итгэн хүлээж байгаа.
өа
Монгол Улсын тусгаар тогтнол болон бие даасан байдал сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Олон арваараа, хэдэн зуугаараа, олон мянгаараа халуун амиа зориулж, бүлээн цусаа Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө урсгаж явсан юм. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавъяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно. Энэ үгийг би төр, ард түмнээ төлөөлөн энэ хүндэт индрээс хэлэхдээ туйлын баяртай байна.
өа
Халх голын дайн бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Чухамхүү хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд бид үеийн үед талархаж явах болно. Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсныхаа төлөө ялалтын 75 жилийн ойн энэ өдөр төр, засгийнхаа хайр энэрлийг хүртэн суугаа ахмад дайчид та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ