Цэцэрлэгийн гадаа дөрөв хонож тэвчээрээ шалгуулдаг болжээ
Өнөөдөр сургууль цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхэлдэг наймдугаар сарын 25-ны өдөр. Өмнө нь энэ өдөр эцэг эхчүүд хүүхэд багачуудаа сургууль цэцэрлэгт бүртгүүлнэ гээд баяр мэт хүлээн авдаг байлаа. Харин өнөөдөр баярын бус уур бухимдал дээд цэгтээ хүрдэг өдөр болжээ. Энэ асуудал нийслэл хотод амьдардаг, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр дугаарлаж зогсоо эцэг эх, ах эгч, эмээ өвөө нарт илүү хамааралтай гэж болно. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн хувьд хамрагдах хүүхдийн тоо илүү байдаг тул эцэг эхчүүд харъяаллын дагуу аль эсвэл хүссэн хувийн сургуульдаа бүртгүүлэх боломж нь харьцангүй нээлттэй байдаг.
sa
Гэтэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцах 2-5 насны хүүхдүүдэд хүрэлцэхүйц цэцэрлэг алга. Жилээс жилд бага насны хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлнэ гэдэг нийслэлд амьдардаг эцэг эхчүүдийн хувьд толгойны өвчин болж байна. Энэ жил ч мөн адил. Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 25 гэдэг өдөр эхэлдэг ч эцэг эхчүүд наймдугаар сарын 21, 22-ны өдрөөс эхлэн санаа зовж эхэлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын хэд хэдэн цэцэрлэгээр очиж бүртгэл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдтэй уулзаж ярилцлаа. Цэцэрлэгүүдийн үүдэнд зогсох эцэг эхчүүдийн дийлэнх нь энэ сарын 21, 22-ны өдрөөс эхлэн дугаарласан гэж байв. Эртнээс дугаарлаж, хүүхдийнхээ нэрийг бичүүлж, өдөрт 2-3 удаа нэр дуудахад байж байх ёстой. 4 удаа нэр дуудахад дугаарлаагүй байх юм бол нэрийг хасна гээд эцэг эхчүүд ээлжлэн зогсож байв. Хэн хасаад, хэн бүртгээд байгааг тодруулвал эхэлж ирсэн эцэг эхчүүд зөвлөл байгуулан уг ажлыг хариуцаж байгаа гэнэ. Ингэж хэд хоногийн өмнөөс идэвхитэй дугаарлаж, өдөртөө 4-5 удаа цэцэрлэгийн үүдээр “эргэлдэж” нэр дуудахад нь “байна” гэдгээ хэлэхгүй бол хүүхдээ цэцэрлэгт оруулах боломжоо алдана хэмээн хонож, өнжин байж өнөөдөртэй золгожээ. Бүртгүүлэх өдөр ирсэн тул оочер дугаараа алдалгүй нэрсээрээ ороод хүүхдээ бүртгүүлж байх аж. Ингэж л дугаарын эмх цэгцтэй болгохгүй бол 25-ны өдрөө дугаарлавал “урдуур дайрч” бүртгүүлдэг сэргэлэн хэдэн нөхөд хүүхдээ оруулаад хоосон хоцордог туршлага өмнөх жилүүдэд давтагдаж байсан аж.
s
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд хамгийн хэцүү нас нь 2 настнууд гэнэ. Яагаад гэвэл нэгэнт бүртгүүлээд оруулчихсан байхад дараа жил нь шууд анги ахиад явчихдаг болохоор асуудал үүсдэггүй. Гэтэл 2 настнуудыг бүртгэж авахад тооны хязгаар нь 25. Мэдээж цэцэрлэгийн хүртээмж тааруу, хүн амын төвлөрөл их байгаа тул энэ тоо 40 хүртэл нэмэгдэх магадлалтай. Өмнөх жилүүдэд ч мөн ийм л жишгээр тоо нь нэмэгдэж ирсэн. Гэтэл харъяаллын дагуу атлаа нэг хүүхэд 100 мянган төгрөгийн хандив өгч байж бүртгүүлж байгаа цэцэрлэг ч нийслэлд байгаа аж. Харъяаллын бус бол 300-500 мянган төгрөгийн ханшттай гэнэ. Аль дүүргийн ямар цэцэрлэг гэдгийг тодруулахыг хүссэн ч хүүхдээ нэгэнт бүртгүүлчихсэн, тэр мөнгийг нь ч өгчихсөн хэлчихвэл та бүхэн очиж сурвалжлаад хэл ам гаргачихна хэмээн мэдээллээ нууцалсан эцэг эх ч таарсан юм
s
Харин 13 дугаар хороолол дахь цэцэрлэгүүдийн хувьд эцэг эх, гэр бүлийнхэний тэвчээрийг шалгаж, 4-5 хоног гадаа хонон байж дугаарласан ажлыг бататган харъяа хороодоос хөндлөнгийн гэрч, эцэг эхийн төлөөллүүд хамтдаа бүртгэлийн явцыг ажиглаж байгаа аж. Ингэснээр хэл ам, хэрүүл шуугиангүй цэцэрлэгт хүүхэд бүртгэх ажил шувтрах тийшээ хандаж байна. Тэвчээр зааж, тэсч чадсан нь ийнхүү хүүхдээ цэцэрлэгт оруулж, чадаагүй нэгэн нь хувийн сургууль бараадах нь дамжиггүй. Энэ жилиийн хувьд хувийн цэцэрлэгүүд сарын 300-450 мянган төгрөгийн жишиг ханштай байгаа аж. Гэтэл энэ хэмжээний мөнгийг төлөөд хүүхдээ цэцэрлэгт явуулаад байх эцэг эхчүүд хэд билээ.
s
Сургуулийн өмнөх боловсрол гэдэг хүний амьдралын суурь хүмүүжил төлөвшдөг чухал үе гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийнээ баталсан. Манай улс хүүхэд багачуудаа дээдэлж, хүүхдийн төлөө “ЗА” гэсэн уриатай. Гэвч цаасан дээр байдаг хэдэн тунхаг, хоосон лоозон хойч ирээдүйг минь өсгөхгүй гэдгийг эрх мэдэлт эрхмүүд минь анхааралдаа авч хайрла. Мэдээж холбогдох албаныхан энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шүүх цагдаа, төрийн албан хаагч ажилладаг оффис зэрэг барилгууд шинээр хэрхэн баригдаж байгааг харьцуулахад аль нь илүү хурдан, өнгө үзэмжтэй гэдэг нь нийслэлчүүд та бидний өмнө тодхон харагддаг билээ.
s
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ