Ш.Батзаяат: ТҮЦ машин хотын түгжрэлийг ч багасгаж байна
Төрийн түгжрэлгүй үйлчилгээний “ТҮЦ машин” нэвтэрснээр цаг, мөнгийг нь хэмнэдэг болсон талаар иргэд ярьж байгаа. Бүр тодруулвал, иргэд өмнө нь өдрийнхөө ажлыг алдан төрийн байгууллагуудын үүдэнд дугаарлан зогсож байж авдаг байсан төрөл бүрийн лавлагааг ердөө мянган төгрөгөөр өөрийнхөө оршин байгаа газрын хамгийн ойрын цэгээс авч байгаа юм. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга Ш.Батзаяаттай ярилцлаа.
1
-“ТҮЦ” машины давуу тал, онцлогийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “ТҮЦ” машин төслийг амжилттай эхлүүлээд байна. Иргэд өөрийн амьдарч байгаа хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх бүрэн боломжтой болсон. Нөгөө талаар иргэд маань дэвшилтэт технологийг ашиглан энэ бүхнийг хийж буйгаараа онцлог юм.
Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг КR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх учир ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй гэсэн үг. Үйлчилгээнд нэвтрээд удаагүй ч Төрийн үйлчилгээний цахим машин маань технологийн давуу талыг харуулж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэж чадсанаараа хамгийн их талархлыг хүлээсэн салбарын брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсныг энд дурдахад таатай байна.
1
-“ТҮЦ машин”-аас яг ямар ямар лавлагааг авч болох вэ?
-Эхний байдлаар иргэний бүртгэлийн 8 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааныхаа төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар төлөх боломж бүрдсэн байгаа. Мөн УИХ-ын Тамгын газар, гишүүдэд санал хүсэлт явуулах, уулзах цаг товлох, хуульд санал өгөх боломжтой. Түүнчлэн “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны захиалгын бүртгэлийг авах боломжтой болсон. Цаашлаад үйлчилгээний нэр төрлийг нэмэх, дан ганц төрийн үйлчилгээ гэлтгүй хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн.
1
-Төрийн үйлчилгээний цахим машиныг хаана хэдийг суурилуулаад байгаа вэ. Цаашид нэмж суурилуулах уу?
-Одоогийн байдлаар Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймаг, Улаанбаатар хотод 47 ширхэгийг суурилуулсан. Энэ ондоо багтаан 59 ширхэгийг нэмж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид аймгийн төвүүд болон иргэддээ аль болохоор ойр байршлыг сонгосон. Тухайлбал, Улаанбаатар хотод Офицеруудын ордон, Улаанбаатар Төмөр замын буудал, Орбитын эцсийн дэлгүүр, Хөтөлийн буудлын дэлгүүр, Хархорин захын буудал, Мэдээлэл технологийн үндэсний парк, Төв шуудан, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг газруудад байршуулсан. Энэ удаа ч мөн тэр зарчмаа баримтлана. Мөн цаашдаа бид шилэн кабельтай 240 гаруй суманд байрлуулж иргэдэд үйлчилгээгээ ойртуулахаар төлөвлөж байна.
1
-“ТҮЦ” машин иргэдийн мөнгийг бодитоор хэмнэж байгаа гэсэн үр ашгийн тооцоог гаргасан гэсэн. Энэ талаар?
-Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байгаа. Өмнө нь иргэд нэг лавлагааг авахад зарцуулалт нь ойролцоогоор 8000 төгрөг байсан. Харин одоо уг машинаар үйлчлүүлснээр лавлагаагаа ердөө 1000 төгрөгөөр илүү хурдан шуурхай, цаг алдалгүйгээр авч байгаа. ТҮЦ машинаар үйлчлүүлснээр иргэд нэг удаадаа 7000 төгрөг, жилдээ нэг тэрбум 500 сая төгрөгийн хэмнэлтийг хийсэн гэсэн үр ашгийн тооцоог гаргасан. Иргэд заавал иргэний бүртгэл болон бусад төрийн байгууллага руу очиж цагаа алдах шаардлагагүй. Гэрийнхээ хамгийн ойрын цэгээс хүссэн лавлагаагаа авчихна. Тэгэхээр ТҮЦ машин хотын авто замын түгжрэлийг багасгахад ч нөлөө үзүүлж байгаа гэж үзэж болохоор байна.
1
Эх сурвалж: Өнөөдөр сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ