Монгол-Оросын дэд комиссын хурал боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XI хуралдаан өчигдөр Москва хотод болжээ. Уг хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны орлогч сайд В.В.Копылов нар тэргүүлэн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболд нар оролцсон байна.
ө
Тус хуралдаанаар хоёр орны хил, бүс нутгийн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгүй болгох, тухайлбал бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорндын хэлэлцээр болон Монгол-Оросын хилийн боомт, хоёр улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтрэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протокол байгуулах явцыг түргэтгэхээр талууд тохиролцов. Мөн уг хуралдаанаар Гаалийн хяналт, шалгалтын журмыг харилцан хялбаршуулах боломжийг судалж үзэх, тодорхой төрлийн бараанд хийгдсэн гаалийн хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар Протокол байгуулах асуудлыг хэлэлцжээ.
ө
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров. Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судлах, хоёр улсын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны чуулга, уулзалтыг жил бүр зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ