ЭХЭМҮТ-д технологийн шинэчлэл хийгдэж байна
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд перинатологийн тусламж, үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн байна. Тодруулбал, тус төвд Пренатал оношилгоо буюу ургийн эхийн хэвлийд байхад төрөлхийн өвчний гажиг болон бусад өвчнийг оношлох чадамжийг бий болгожээ. “Нярайн скрийнингийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр ургийн түнхний мултрал, бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол бууралт, нүд сохрох зэрэг дөрвөн төрлийн өвчнийг оношлох боломжтой болсон байна.
s
Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ-ийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг гаргасан байна. Үүний үндсэн чиглэлд “Эх, ураг, нярайн тусламжийг хөгжүүлэх”, “Хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх буй болгох”, “Нярайн мэс засал – хүүхдийн ерөнхий мэс заслыг хөгжүүлэх”, “Хүүхдийн хавдрын цогц тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалт, судалгааны тогтолцоо буй болгох”, “Үргүйдэл ба андрологийн тусламжийг хөгжүүлэх”, “Эмчилгээ, оношилгооны шинэ техник технологи өргөн нэвтрүүлэх” гэсэн чиглэл тус тус багтдаг. Түүнчлэн “Эмнэлгийн барилга байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах”, “Хүний хөгжлийг хангах, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх” чиглэлийг тус төв баримтлан ажиллаж буй гэдгийг хэлж байлаа.
s
Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд “Анагаахын удамзүйн лаборатори”-д технологийн шинэчлэл хийн зүрхний төрөлхийн гаж хөгжлийн оношилгоо-эмчилгээний 1,8 тэрбум төгрөгийн аппаратыг суурилуулжээ. Энэ онд Засгийн газраас 420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Анагаахын удам зүйн лабораторид хромосомын шинжилгээг 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс хийж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 162 үйлчлүүлэгчдэд эс өсгөвөрлөж, 95 үйлчлүүлэгчдэд 950 слайд хромосомын шинжилгээг гүйцэтгэсэн байна. Үүнээс 40 тохиолдолд (мозаицизм 5, Тернерын хамшинж 2, Дауны хамшинж 30, Эдвардсын хам шинж 2, бөгж хромосом 1) хромосомын эмгэгийг оношилж, нэмэлт шинжилгээ болон бодит үзлэгт үндэслэн оношийг баталгаажуулан, гэр бүлд мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
s
Тус лабораториос эрсдэл бүхий 2334 жирэмсэн эхэд удамзүйн цогц шинжилгээ хийн 37 эмгэг илрүүлж хяналтад авсан аж. 2014 онд нийт 1.3 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийх төсөл батлагдаж, ЭМЯ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Тус лабораторийн эмч, мэргэжилтнүүдээс андрологиор 2, эндокринологи ба эмбриологиор 2, лабораторийн чиглэлээр 1, мэргэжил дээшлүүлэхээр 1 мэргэжилтэн тус тус өндөр хөгжилтэй оронд суралцсан байна. “Анагаахын удамзүйн лаборатори” нь 2014 онд шинэ технологийг төвийн хэмжээнд бүрэн нэвтрүүлнэ. Түүнчлэн нярайн скрийнинг, ялангуяа бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх чадавхитай болно” хэмээн тус төвийн захирал Ш.Энхтөр танилцууллаа.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ