Бэлчээрийн даац хэтэрсэн 11 аймгийн 34 сум байна
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн мэдээгээр 2014 оны эхэнд манай улсад 45.2 сая мал тоологдож,16.7 сая төл хүлээн авснаар одоогийн байдлаар 61.0 сая мал намаржиж байгаа аж. Үүнээс дотоодын хэрэглээгээ хасаад 50.0 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоонд тулгуурлан “Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 241 дүгээр тогтоол, ҮХАА-н сайдын 01 албан даалгаврыг боловсруулан батлуулж орон нутагт хүргүүлж, биелэлтийг ханган ажиллахыг зөвлөсөн байна.
ы
Одоогийн байдлаар малчин өрх, аж ахуйн нэгжүүд 2713 дугуйт трактор, тракторын 3677 хадуур, 3410 тармуур, 453 хаман боогч, морин 690 хадуур, 1165 тармуур, 700 гаруй хөдөлгөөнт гар хадуур ашиглан хадланд гарч эхлээд байгаа аж.
ы
Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2014-2015 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг харахад нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нутгийн 30 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
ы
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Баяннуур, Булган, Ховдын Манхан, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Булган, Буянт, Хөвсгөлийн Төмөрбулаг, Архангайн Булган, Өгийнуур, Хашаат, Цахир, Өлзийт, Булганы Орхон, Гурванбулаг, Рашаант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Өлзийт, Сант, Гучин-Ус, Хэнтийн Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Мөнххаан, Дундговийн Адаацаг, Луус, Өлзийт, Дорноговийн Улаанбадрах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан, Өмнөговийн Ханхонгор, Цогтцэций зэрэг 11 аймгийн 34 сум байна.
ы
Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Бэлтгэл сайн бол бэрхшээлээс айлтгүй. Цаг агаарын таатай нөхцөлд цалгардалгүй өвс, тэжээлээ эртнээс сайтар бэлтгэхийг орон нутгийн удирдлагууд, малчид, иргэд, фермерүүдэд анхаарууллаа.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ