БНСУ-ын иргэн зөвшөөрөлгүйгээр үзлэг, эмчилгээ хийж байжээ

img

 

БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоосон байна.

а

И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн  хэрэгслээр үйлчилж байжээ. Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өнгөрөгч өдрүүдэд орж ирсэн байна. Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэдгийг нь нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрсэн байна.

а

Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1.920.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. “Миндиллэ” эмнэлгийн танилцуулгаас үзвэл өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг байна” гэж МХЕГ-аас мэдээлэв.

х

Гадаадын иргэд, ялангуяа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хаа хаанаа хяналт шалгалт хэрэгтэй.манайхан гадаад гэхээр л хөл алдаад гүйдэгийн хар гай
2014-08-27