
Ажилгүйдэл аажмаар буурах хандлагатай гэсэн дүн Дэлхийн банкны судалгаагаар гарчээ. Гэхдээ нийт ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр ойролцоогоор 9 хувьтай байгаа юм. Ажиллах хүчний судалгаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвүүдэд албан ёсоор бүртгүүлээгүй ажилгүйчүүд хамрагддаг ба албан ёсны мэдээлэлтэй харьцуулахад энэ нь улсын хэмжээний ажилгүйдлийн түвшинг илүү үнэн бодитойгоор харуулдаг байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвүүдэд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоонд үндэслэсэн ажилгүйдлийн түвшин 9 сарын байдлаар 3.6 хувьтай гарсан байгаа юм.
Мөн судалгаагаар инфляци өсөхийн хэрээр албан бус салбарын бодит цалин буурч байгаа нь харагдаж байна. Албан бус хөдөлмөрийн зах зээлийн 10 дугаар сарын судалгаагаар бодит цалин 7 сарынхтай харьцуулахад буурсан дүнтэй гарчээ. Энэ нь инфляци өсөхийн хэрээр худалдан авах чадвар суларсантай холбоотой юм. Өнгөрөгч долдугаар сартай харьцуулахад ажилчдын бодит цалин 13 хувиар буурсан ба оюутнуудын хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нийт ажилчдын тоо 9 хувиар буурчээ.
Эдийн засаг эрчимтэй өсч буйг дагаад зах зээл дээр ачаа ачих, бага хэмжээний тээвэрлэлт хийх, цэвэрлэгээ хийх ажлын байруудын олдоц олширсон. Үүнтэй уялдан ажилчдын нэлээдгүй хэсэг ачаа ачиж, буулгах, барилгын салбарт төвлөрч ажиллаж байгаа нь тогтоогджээ.
Гэсэн хэдий ч судалгаанд хамрагдагсдын бараг дийлэнх хэсэг нь тэдний олж буй орлого наад захын хэрэгцээг хангаж чаддаггүй гэж хариулж буйгаас үзэхэд инфляцийн өсөлт ядууст хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Энэ үзүүлэлт 2011 оны 7 сарынхаас даруй 24 хувиар өсчээ. Судалгаагаар ур чадваргүй буюу мэргэшээгүй ажилгүйчүүдын дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн нь мөн тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ