Ц.Батсуурь: Хичээлээ хэзээ, яаж явуулах нь багшийн эрх мэдлийн асуудал болсон
Энэ хичээлийн жилээс үндэсний хэмжээнд 1-5-р ангид бага боловсролын сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаа. Үүний бэлтгэл ажил болгон Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн жилээс эхлэн бага ангийн багш нарт заах аргын сургалт явуулж, цаашид үндэсний хэмжээний бүх багшид шинэ хөтөлбөрөө танилцуулах 860 сургагч багшийг бэлдсэн юм. Эдгээр сургагч багш нар нийслэл, хөдөө орон нутгийн 8 бүсэд хуваагдан бага ангийн 13310 багшид “Бага боловсролын сургалтын цөм” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулж байгаа. Бид энэхүү сургалтын үр дүн, Бага боловсролын шинэ хөтөлбөрийн талаар Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн бага ангийн багш Ц.Батсууриас асууж, тодрууллаа.
ж
- Танай аймагт сургагч багш нарын баг ирж энэ жил хэрэгжих шинэ хөтөлбөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалт зохион явууллаа. Багш нарт хэр үр дүнтэй сургалт болов?
- Бид шинэ хөтөлбөр хэргэжүүлэх гэж байгаа л гэж мэдэхээс цаашгүй, яг ямар хөтөлбөр гарч байгаа , зорилго чиглэл нь юу вэ? өмнөх хөтөлбөрөөсөө ялгаатай зүйл нь юу вэ? гэдэг талаар ойлголтгүй байсан . Энэ сургалт багш нарт энэ талаар тодорхой мэдээлэл олгосон , хичээлийн жил эхлэхэд багш нарыг тодорхой чиглэлтэй болгосон сургалт болсонд талархалтай байна. Өмнө нь хэрэгжиж байсан ямар ч хөтөлбөр эхлэхдээ ингэж сургуулиудын захирал , сургалтын менежерүүдийг бүгдийг нь хамарсан сургалт явуулдаггүй байлаа . Аливаа сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидний хамтын үйл ажиллагаа маш чухал байдаг. Тиймээс одоо бид шинэ хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” ч гэсэн багш шууд аваад хэрэгжүүлж болохоор бэлтгэж, сайн бэлтгэсэн хөтөлбөр болсон байна. Хамгийн гол нь хүүхдийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг арга замыг маш тодорхой зааж, түүнийг хэрэгжүүлэх урам зоригийг багш бидэнд өгсөн.
.
- Шинэ хөтөлбөр хэрэгжихийн ач холбогдол нь юу юм бол?
- Бид энэ хөтөлбөрийг зохих дүрэм журмынхаа дагуу чанартай хэрэгжүүлсэнээрхүүхэд бүрийг хөгжүүлж чадна . Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь хүүхэд бүрийн байгаа төвшинг тодорхойлж , сонирхол, чадвар зэргийг нь харгалзан тодорхой хэмжээнд ахиулж хөгжүүлнэ гэсэн үг . Өөрөөр
хэлбэл хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга зүйг л боловсруулж ажиллахыг багшаас хүсэж байгаа хөтөлбөр юм. Мөн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн үр дүнг тооцдог болж байгаа нь маш их ач холбогдолтой .
.
- Өмнөх хөтөлбөрөөс юугаараа ялгаатай юм бэ?
- Сургалтын хөтөлбөр үргэлж л өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Цаг үеэ дагаад тэгэх ч учиртай. Тэдгээр хөтөлбөрүүдэд давуу тал ч байсан дутагдалтай тал ч байсан .Өмнөх хөтөлбөрт хамгийн гол нь хөтөлбөр гаргаад түүнийхээ амьдрал дээр хэр нийцэж байгаа ,үр дүн нь ямар байгааг тооцох мехнизм байгаагүй .Ер нь хөтөлбөрийг нэг гаргаад л орхих биш байнга сайжруулж байх нь чухал. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нараас эцэг эхчүүдээс санал сайн авах хэрэгтэй. Шинэ хөтөлбөрт багш нарын саналыг багагүй тусгасан байна. Аливаа зүйл чинь амьдрал дээр л хэрэгжиж байж сайн муу нь мэдэгддэг шүү дээ. Хөтөлбөрийн хэрэжилтийг тооцох шалгуурууд маш оновчтой байгаа. Гэхдээ үр дүн нь тодорхой хугацааны дараа л мэдэгдэнэ шүү дээ.
.
- Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр хичээлийн танхимд яг юу өөрчлөгдөх вэ?
- Багш хүүхэд бүрд тохирсон арга зүйг л боловсруулж сургалтын үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Хичээлийг ямар арга хэрэглэн , ямар арга зүйгээр заах нь тэр багшийн эрх мэдэл, ур чадварын л асуудал болсон. Түүнээс тэр болгоныг эмийн жор шиг зааж өгөх ямар ч боломжгүй. Багш бол ангийн дарга биш “Чиглүүлэгч байна” гэсэн нэг гол агуулга байгаа . Зөв чиглүүлэхийн тулд маш их ур ухаан хэрэгтэй . Ийм учраас багш жинхэнэ утгаараа “Сайн судлаач” болох ёстой. Мөн хичээлийн төлөвлөлт , бэлтгэлд онцгой анхаарна . Тухайн ээлжит хичээлээр сурагчдаа ямар дасгал даалгавраар юу мэдүүлж, яаж хөгжүүлэх вэ гэдэг нь түүнээс л шалтгаална шүү дээ
.
- Хүүхэд хэрхэн өөрчлөгдөх бол? Таны бодлоор?
- Хүүхэд өөрийнхөө боломж чадварт тохирсон мэдээлэл мэдлэгийг авч тодорхой хэмжээнд хөгжинө гэсэн үг .Өөрийгөө өөртэйгөө харьцуулж хөгжинө. Үүгээрээ урамшина , бахархана. Ингэснээрээ өөртөө итгэх итгэл нь улам ахина. Өөртөө итгэлтэй хүүхэд бүгдийг хийж чадна.
.
- Тэгэхээр ийм үр дүнд хүрэхийн тулд багш ямар байх ёстой вэ? Шинэ хөтөлбөр багшид ямар нэг өөрчлөлт өгч байна уу?
- Багш хүүхдээ зөв оношилж, таньдаг болно.Хэнийг яаж хөгжүүлэх вэ? гэдэг арга зүйгээ өөрөө боловсруулна. Хүүхдийг өөр нэг хүүхэдтэй харьцуулж үнэлэхээ болино . Зөвхөн өөрийнх нь ахиц хөгжлийг харж үнэлнэ. Хүүхдийн ахиц хөгжлийг зөв оновчтой тооцдог болно. Сурагчдаа зөв оношлох, зөв хүмүүжүүлэх, зөв хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүдтэй маш нягт хамтарч ажиллана . Үүний тулд багш өрийгөө маш их өөрчилж, хөгжүүлэх шаардлага гарч байна. Тиймээс ч яамнаас энэ сургалтыг зохион байгуулж байна. Багш нар маань энэ сургалтаас их зүйлийг мэдэж авч, өөртөө, сургалтандаа, хүүхдүүддээ их өөрчлөлт авч ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ