
Манай улсын цементийн жилийн хэрэглээ 1,5 сая тонн байдаг аж. Харин уул уурхай дагасан бүтээн байгуулалтууд болоод Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийн үр дүнд цементийн эрэлт жилд 2,0 сая тоннд хүрч нэмэгдэх тооцоо гарчээ.
Ер нь бол барилгын үйлдвэрлэл нэмэгдэж ирсэнтэй шууд холбоотойгоор сүүлийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ даруй 10 дахин өсчээ. Улмаар өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахтай холбоотой хүндрэлүүд гарч ирсэн байна. Эхэнд хэлсэнчлэн, дотоодын эдийн засаг эрчимтэй өсч, ашигт малтмалын орд газруудыг эргэлтэд оруулж эхлэх гэж буйтай холбоотойгоор эрэлт өсч буйг тэмдэглэх ёстой юм. Ялангуяа 2012 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхлэх Оюу Толгойн бүтээн байгуулалтын хүрээнд зам, барилга дэд бүтцийн ажлууд ихээр хийгдэх гэж байгаагаас үүдэн цементийн эрэлт улам нэмэгдэж байна.
Сүүлийн 10 жилийн хугацааг харахад 2001 оноос хойш цементийн худалдаа жилд дундажаар 35-с дээш хувиар, сүүлийн 5 жилд үнэ нь дундажаар 3 дахин өсчээ. Гол нь манай улсын дотоодын цементийн үйлдвэрлэл нэмэгдэж буй эрэлтийг хангах түвшинд хүрээгүй бөгөөд 2010 оноос хойш дотоодод үйлдвэрлэсэн цементийн үнэ огцом өссөн нь судалгаанаас харагдаж байгаа юм.
Импортоор орж ирж буй цемент энэхүү үнийн өсөлтийн зөвхөн тал хувийг саармагжуулж чаджээ. Учир нь албан бус тооцоогоор нийт импортын цементийн 90 хувийг Хятад улсаас авдаг бөгөөд Хятад улс өөрөө дотоодын цементийн эрэлтээ хангахад хүндрэлтэй тулгараад байна. Энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн дотоодын зах зээл дээр цементийн үнэ огцом өсөө байгаагийн шалтгаан нь дотоодын хэрэгцээг импорт хангаж чадахгүй байгаатай холбоотой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ