Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгчтэй уулзлаа
ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч К.А.Дмитриевийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч К.А.Дмитриев Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдэд хөрөнгө оруулан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
ө
Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд улс орны хэмжээнд өрнөж буй хийгээд ирээдүйд бүтээн байгуулах эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон төмөр зам, автозам, хийн хоолой, газрын тос, эрчим хүчний таван шугам бүхий ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Талын зам” төслийн талаар ерөнхий мэдээлэл өгөөд хамтран ажиллах сонирхол дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин К.А.Дмитриев “Гурван улсын хамтарсан “Талын зам” төслийн талаар уулзалт ярианы түвшинд нэлээд урагштай байгаа тухай би сонссон. Бид төслийн талаар судалж үзэн, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх болно. Ер нь Монгол-Орос хоёр улс хамтын ажиллагааны шинэ түвшний томоохон ажил эхлүүлэх цаг нь хэдийнэ болсон гэж би боддог” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад төрийн мэдлийн баялгийн сан байгуулах тухай яригдсан байна.
ө
Оросын шууд хөрөнгө оруулалтын сан ОХУ-ын төрийн мэдлийн баялгийн сан бөгөөд 2011 онд В.В.Путиний санаачилгаар байгуулагджээ. Тус санг улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулсан аж. Энэхүү сан нь анх 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан бол гурван жилийн хугацаанд 23 тэрбум ам.доллар болжээ. Абу Даби, Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Кувейтийн хөрөнгө оруулалтын агентлаг, Катар холдинг зэрэг дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч сангуудтай хамтран ажилласны дүнд хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн гэдгийг сангийн ерөнхийлөгч К.А.Дмитриев уулзалтын үеэр танилцуулсан байна.
б
Мөн энэ өдөр Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийнхан манай томоохон төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийнхэн болоод яамд, банкуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж, үйл ажиллагаагаа танилцуулан, Монгол Улсад хэрэгжиж буй болон бэлтгэл шатандаа яваа зарим төслийн талаар мэдээлэл сонсчээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ