Гэр хорооллыг барилгажуулах менежментийг GTZ хийнэ
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Германы олон улсын техник хамтын ажиллагааны байгууллага/GTZ/-ын Төслийн удирдагч хатагтай Рут Эрлбектэй өчигдөр уулзсан.
“Оны өмнөхөн хуралдсан НИТХ-аас Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх үүднээс эхний ээлжинд байшин хороололтой айлссан 100 айл, Баянбүрд орчмын айлуудын газрыг чөлөөлж, дэд бүтэц бий болгох ажилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг том хэсэг болсон гэр хорооллыг барилгажуулах ажил төлөвлөгдсөөр, яригдсаар байсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хэрэгжихэд хүндрэлтэй байсан юм.
Харин энэ жил 7 дугаар хороолол барихаар төлөвлөсөн энэхүү газар орчмын айл өрхүүдтэй тохиролцон, газрыг нь чөлөөлж, орон сууцны дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэжээ. Тиймээс энэ чиглэлээр олон хотуудад ажиллаж байсан хүний хувьд мэргэжлийн талаасаа зөвлөгөө өгч, менежментийн тал дээр GTZ-г туслалцаа үзүүлэхийг хотын дарга хүссэн юм.
Хатагтай Рут дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлэв. Тэгээд хотын зүгээс хоёрдугаар сард багтаан энэхүү төслийг удирдах багийг байгуулах гэнэ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ