Д.Хаянхярвааг шантаажлагчид
"Үндэсний ногоон хөдөлгөөн, Гамшгийн эсрэг үндэсний төвөөс хамтран Хонгорын хохирлын асуудлаар ноцтой баримт дэлгэнэ" гэсэн сүржин зартай хэвлэлийн хурлыг сонирхов. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл иржээ. Тэд энэ удаа "Хонгорыг сануулах гэвэл хорьж цээрлүүлэх гэдэг болжээ" гэсэн хэвлэлийн хуудас тарааж байна. Тэнд "Тосгоны 1000 хүнээс 450 нь үлдэн, бусад нь даруй дүрвэсэн. Тус сумын 2529 хүн амаас 90 нь хордлогоос үүдсэн хорт хавдраар нас барж, 30 хүн үхлээ хүлээн өдөр хоногийг төөрүүлж байна" гэсэн тоо баримтыг дурджээ. Харин энэ бүхний гол буруутан нь тухайн үеийн Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа. Хонгорт цианид илрээгүй, хордлого гараагүй хэмээн даамжруулж, өнөөдөр мартуулах гэж хичээж буй Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон дэвшсэн. Тэр Сангийн сайд байхдаа ч албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэтээр цааш үргэлжлэх мэдээлэл энэ өдрөөс гурван сарын өмнөхөөс үг үсгийн ялгаагүй аж. Товчхондоо Хонгорын асуудлаар сенсааци хийж буй хэсэг бүлэг хүмүүст шинэ мэдээлэл огтхон ч алга. Ноцтой, "но"-той гээд хэлчих ганц ч үг байсангүй.
х
Тэд өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, "Хонгорыг бүтээгч Хаянхярваачууд мандан бадарсаар" байна хэмээн мэдэгдэж суусан. Тус хэвлэлийн бага хуралд Гал үндэстэн, Хохирогчдын нэгдсэн холбоо, Нэгдсэн Монгол хөдөлгөөн, Иргэдийн шударга шүүх ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллага оролцож, яг л өнөөдрийн зүйлийг ярьж байсан нь хэвлэлийн хуудсанд бий. Тэд гурван сарын өмнө л 30 хүн үхлээ хүлээж буй тухай ярьж байсан. Өнөөдөр ч 30 хүн үхэх нь гээд ярьж сууна. Гарчиг нь өөрчлөгдсөн хэвлэлийн мэдээнээс өөрцгүйгээр Д.Хаянхярваа мандан бадарсаар байна хэмээн дахин дахин ярих энэ хүмүүсийн эцсийн зорилго юу вэ? Үнэхээр Хонгор суманд, хонгорчуудад санаа зовсондоо удаа дараа мэдээлэл хийж, хариуцлага нэхэж сууна уу? Гэвч тэдний өгч буй мэдээлэлд ийм санаа огтхон ч байхгүй. Ганцхан Д.Хаянхярваа гэх хүнийг шантаажлах гэсэн утга цухалцаж буйг хялбархан анзаарч болно. Хонгорын асуудлаар нэгдэж, хариуцлага нэхэж буй иргэний нийгмийн байгууллагууд, Хонгорыг хордуулагч болоод буй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын хооронд ямар асуудал байгааг зөвхөн тэд л мэднэ байх. Үнэн нь иргэний нийгмийн байгууллагууд ч, Д.Хаянхярваа ч хонгорынхонд санаа зовнихгүй байгаа.
а
Иргэний нийгмийн байгууллагуудын хэвлэлийн мэдээний төгсгөлд "Хонгорчууд өнөөдөр улам цөөрсөөр, хохирлоо барагдуулах, эрх ашгаа хамгаалах гэсэн хоолой нь намссаар. Анагааж эдгээж чадалгүй нөгөө ертөнцөд явуулсан хүмүүсийнхээ оршуулгын зардлыг ядаж өгөөч, төр засаг аа. Эс бөгөөс 100 хүний ар гэр оршуулгын зардал нэхэн нэгдье" гэсэн өгүүлбэр бий. Энгийнээр бодвол гэмгүй мэт харагдах энэ шаардлагын цаана ямар эрх ашиг байгааг мэдэхгүй ч тааварлаж болно. Мөнгө санхүүтэй ч холбон тайлбарлаж болно. Үгээ хэлж, эрх ашгаа хамгаалж чадахгүй байгааг Хонгорын сумынхны өмнөөс иргэний нийгмийнхэн ярьж байгаа бололтой. Харамсалтай нь тэдний ярьж байгаа зүйлд Хонгорынхон зөвхөн дайвар төдийхнөөр, хэн нэгнийг шантаажлах хэрэгсэл болсныг тэнэг хүн ч ойлгохоор улаан цайм болж. Өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүсийн зовлонгоор шантааж хийх нь иргэнээ хамгаалах зорилготой гэх байгууллагуудын ажил мөн үү?!ө
h
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ