20 тэрбумаар хог авах уу?
Э.Бат-Үүлийн удаа дараа явуулсан олон туршилт иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэсэн нь бий магтаал сайшаалыг хүртсэн нь ч бий. Авто машины дугаар хязгаарлалт, нэгдүгээр эгнээгээр автобус зорчуулах, хогны ногоон уут гээд олон ажил хийгдэж байна. Эдгээрээс иргэд ихэнхийг нь талархан дэмжиж замын бөглөрөлтэй тэмцэж буй зөв зүйтэй алхам гэж хүлээн авсан билээ. Ямар ч байсан өмнөх засаг дарга нараас гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр хийсэн юмтай ганц дарга гэж хүмүүс ам сайтай байсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л нийтийн тээврийн шинэ маршрутын туршилтыг нийслэлчүүд мөн л эсрэг тэсрэг байр сууринаас хүлээн авч өдгөөг хүртэл ярилцсаар байна. Гэхдээ энэ бүхэн Нийслэл хотын л сайн сайханд тэмүүлсэн үйл гэдгийг иргэд цаагуураа ухамсарлаж “туршуулсаар” ирлээ.
х
Хотын захирагч өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Нийслэл хотын нийтийн тээврийн паркийг шинэчилж автобус худалдан авах 20 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан тухай дурджээ. Энэ нь одоо нийслэл хотод маань үгүйлэгдэж байгаа туйлын зөв зүйтэй ажил. Ялангуяа түүний хэлсэн “Үнэнийг хэлэхэд би хийе гэснээ хэнээс ч дальдчихгүй хийнэ. Хариуцлагаа ч үүрнэ. Манай улстөрчид зоригтой шийдвэр гаргаж чадахгүй, олон түмнээс айж эмээсээр яваад өнөөдөр улс орныг сайн ч биш, муу ч биш хоёрын хооронд байдалд оруулчихсан байна” гэсэн үг нь маш их таалагдлаа. Тэр аргагүй бүтээн байгуулагч удирдагч юм.
х
Гэтэл түүний дээр дурдсан парк шинэчлэлд үндэсний үйлдвэрлэл нэрийн дор Монголд угсарсан автобус ялах нь тодорхой болжээ гэсэн яриа олон нийтийн сүлжээгээр тарж эхлээд байна. Үүнийг үндэсний үйлдвэрлэл хэмээн дэмжих нь зөв зүйтэй алхам хэмээн дэмжиж буй хүмүүс байх боловч олонх нь Монголд угсарсан автобус нь үйлчилгээний чанар стандарт хангах эсэхэд эргэлзэж, иргэдийн амь насаар дэнчин тавьсан үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлцгээж байна. Зарим нь бүүр Монголд үйлдвэрлэсэн гэх, үнэндээ угсарсан автобусуудаар иргэдээ зөөнө гэхэд үнэхээр айдас төрж байна гэж үзэл бодлоо илэрхийлцгээжээ.
р
Эдийн засаг хүндрэлтэй энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж нэмүү өртөг бий болгон цөөхөн ч гэсэн монголчууд ажил орлоготой байх нь зөв ч нөгөө талаар хэдхэн хоног яваад зогсох, эсвэл бүүр аваар осолдоо хүрч иргэдийн эрүүл мэнд амь насанд хохирол учруулах зүйл болох эрсдэлтэйг эрхэм дарга нар тооцоолсон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол тэдэнд зээл тусламж өгөх, ажилчдыг нь гадаад дотоодын үйлдвэрт дадлага хийлгэх, сургах нөхцөл боломжоор хангаж Монголдоо дэлхийн жишигт хүрсэн автобус угсардаг болохыг жинхэнэ дэмжлэг гэх буй за.
х
Хотын даргын ярьсан 20 тэрбумын тендерийг үзвэл 9 дүгээр сарын 22 хүртэл материал авахаар зарлагдсан байх ч ялагч нь ийм эрт тодорсон тендерт өөр газрууд орно гэхэд эргэлзээ төрж байна. Ямар ч байсан Э.Бат-Үүл даргыг физикч хүн турших дуртай гэж хошигнох болсон ч энэ удаагийн парк шинэчлэлдээ иргэдээ ая тухтай, аюулгүй тээврээр зорчуулахын тул Монголдоо угсарсан автобуснуудад өндөр шаардлага тавьж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
х
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ