“Шилмэл Мал 2014”-д Францын аж ахуй нэгжүүд оролцоно

img

Ес дахь намартаа уламжлал болгон зохион байгуулагдах гэж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал-2014” гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн, дуудлага худалдааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 9-р сарын 12-14-ний өдрүүдэд хоёр дох жилдээ “Хүйн долоон худагт” зохион байгуулах гэж байна.  Тус үзэсгэлэн худалдаа нь мянга, мянган жил ардын селекцийн уламжлалт аргаар малынхаа удам  угсааг сайжруулж ирсэн.  Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй мал сүргийг эрүүлжүүлэх,  ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх, малын удмын санг хамгаалах, сайжруулах, баяжуулах үйл ажиллагааг олон түмэнд танилцуулах зорилготой юм.

а

Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах  Франц Улсаас 20-иод аж ахуй нэгж урилгаар оролцох гэж байна. Монгол Улс, БН Франц Улсын хооронд хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимжин хөгжиж  Франц улсын Гадаад харилцааны сайд Лоран Фабиусыг  2013 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр  “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг”-ийг байгуулан бататгасан билээ.  Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуй нэгжүүд эрчимтэй байгуулан өндөр ашиг шимтэй үүлдэрийн малыг импортлон оруулж ирэх болсон билээ. Энэхүү хэрэгцээг хангахаар БН Франц Улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг Монголын аж ахуй нэгжүүд оруулж ирж байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, Францын өндөр  ашиг шимт үүлдэрийн малыг Монголын хэрэглэгчдэд таниулах зорилгоор энэ жилийн “Шилмэл Мал 2014” үзэсгэлэн яармагт Францын аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм.

а

Энэхүү арга хэмжээний хүрээнд Франц Улсаас оруулж ирж буй мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг хэрхэн нутагшуулах болон малын үржил, селекцийг Францууд хэрхэн явуулдаг талаар арга туршлага солилцох зорилго бүхий семинарыг Монгол Улсын ҮХААЯ, БН Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран 09  дүгээрсарын 11-ний өдөр ҮХААЯ-нд зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
үхаая маань зар дуулгаж, сурталчилгаа явуулдаг болоо юу даа. санамж бичиг зурсан , тэгээд хувийн хэвшлийнхэнд авах, танилцах эсэхийг нь үлдээх нь чухал шүү дээ. гачуурт компанийхан өндөр ашиг шимтэй ийм үхэр оруулж ирээд , жил хөдөлмөрлөж, одоо ч бүрэн зүгширч чадаагүй байгаагаа хуваалцаж ярьсаныг хүмүүс сонссон байх. тийм мал байх орчин нь ариун цэвэр эрүүл ахуйн огт өөр орчин шаарддаг, тэжээл нь манай хэрэглэдэг тэжээлээс огт өөр гээд шийдэх асуудал зөндөө байгаа. хийх нь зөв боловч шуураад хийдэг зүйл биш байгаад дүгнэлт өгмөөр байна. бондоо үүнийг санхүүжүүлэх нь үр өгөөж доогууртайг мэдэж байгаа л гэж найдъя.
2014-09-12
хосол:
би үхэрийн аж ахуйтай болох гэхээр газар олгохгүй байна яах өэ
2014-09-11