Тусгай дугаарын утсаар тоглогчдод зохих шийтгэлийг нь онооё

img

Энд тэндгүй утас хангинаж, мэдээлэл хүлээн авагч ажилтнууд нь “103.2 сонсож байна. Танд юугаар туслах вэ”, “102.1 сонсож байна. Танд юугаар туслах вэ” гэж зогсоо зайгүй ажиллан, иргэд, байгууллагын дуудлагыг хүлээн авч, зохицуулалт хийж, үйлчилгээ үзүүлэх ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэсэг зуур саатлаа.

а

Тус төвийн яаралтай тусламжийн тусгай дугаарын утсанд 2014.09.11-ний өдрийн 08:00 цагаас 2014.09.12-ны өдрийн 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд иргэд, байгууллагаас нийт 9187 удаа хандсанаас 9008 буюу 98.1 хувь нь холбогдож, 179 буюу 1.9 хувь нь холбогдоогүй, нийт хүлээлэг 696, хүлээлгийн дундаж хугацаа 4.5 секунд, бэлэн байдлын коэффицент 0.92-той ажилласан байна.  Хоногт дунджаар 8000 гаруй дуудлагыг хүлээн авч иргэд, байгууллагад үйлчилдэг аж.

х

Иргэд байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авдаг 102 дугаарын утас долоон шугамаар, гал аврах ажиллагааны 101, 105 дугаарын утас гурван шугамаар, эмнэлгийн тусламж үйлчилгээний 103 дугаар таван шугамаар дуудлага хүлээн авч, зохицуулалт хийн, үйлчилгээ үзүүлдэг байна. Өнгөрөгч оны хугацаанд дуудлагын утсанд 3.7 сая дуудлага ирсний 48 хувь нь 102 дугаарт хандсан бол 38 хувь нь 103 дугаарт, найман хувь нь 101, 105 дугаарт хандаж дуудлага өгчээ. Гэхдээ иргэд байгууллагын дуудлагын найман хувийг хүлээн авч, үйлчилж чадаагүй судалгаа гарчээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн дуудлагыг хүлээн авч чадаагүй бүртгэл гурван хувь болж буурсан буюу иргэдийг хүлээлгэлгүйгээр шууд дуудлагыг хүлээн авах боломж нэмэгдсэн гэж Судалгааны ахлах ажилтан О.Амарбат ярилаа.

р

Хуурамч дуудлага, залгаж тоглодог асуудал яаралтай тусламжийн дуудлагыг ачаалалыг зохиомлоор ихэсгэдэг. Хуурамч дуудлагыг ихэнхдээ хүүхдүүд өгдөг ба түргэн тусламжийн үйчилгээнүүд үнэхээр ирдэг эсэхийг мэдпэх сонирхолдоо хөтлөгдөн залгадаг байна. Ийм дуудлага дунд сургуулийн амралтын үеэр ирэх нь ихэсдэг гэнэ. Нийслэлийн СХД-д насанд хүрээгүй гурван хүүхэд худлаа дуудлага өгч цагдаа, эмнэлэг, онцгой байдлын түргэн тусламжийн гурвууланг нь аваачсан зөрчил гарч байсан. Хүүхдүүдэд шийтгэл оноох боломжгүй учраас сануулаад өнгөрсөн. Гэхдээ хүүхдүүдэд учирлаад хэлвэл дахин хуурамч дуудлага өгдөггүй. Үүнээс ноцтой юм чинь иргэдийн “залгаж тоглодог” асуудал гэж тус төвийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч хурандаа М.Төмөрбаатар онцлов.

х

Өчигдөр өдөр 11.27-14.53 цагийн үед 9533055... дугаарын утаснаас яаралтай тусламжийн утас руу 206 удаа залгаж тоглосон зөрчил гарчээ. Мөн урд шөнө 8900508... дугаарын утаснаас согтуу иргэн “та нар үйлчилгээний байгууллага юм бол миний найзыг гэрт нь хүргэж өг” гэж 15 удаа залгаж, яаралтай тусламж хэрэг болж төв рүү залгаж буй иргэдэд хохирол учруулсан байна. Тодруулбал, шуурхай удирдлагын төвийн програм нь гаднаас орж ирсэн дуудлагыг заавал авсны дараа, дараагийн дуудлагыг хүлээн авахаар зохицуулагдсан байдаг аж. Тиймээс яаралтай тусламжийн утас руу хэн нэгэн этгээд залган тоглож байхад цаана нь хүний амь нас, эд хөрөнгөнд аюул тулгарсан яаралтай дуудлагууд хүлээгдэж байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй юм.

а

Яаралтай тусламжийн утсанд залгаж тоглосон этгээдүүдийн утасны дугаарыг үүрэн телефоны компаниуд руу нь албан ёсоор явуулан, тухайн дугаарыг хэрэглээнээс хасах хүсэлт хүргүүлдэг боловч биелүүлдэг нь ховорхон гэнэ. Харин Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 5000-20.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоног баривчлах шийтгэлтэй байдаг аж. Ямар ч шаардлагагүйгээр яаралтай тусламжийн утсанд залгачихаад бусдад хохирол учруулж, магадгүй хүний амиар ч тоглож байж болох “сахилгагүй” этгээдүүдийг хатуухан шийтгэж баймаар.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кенса:
манай цэцэрлэг, сургууль, боловсролын байгууллагын хүмүүжлийн ажлын үр дүн энд харагдаж байна. хүүхэд томчуудыг дууриаж ухамсаргүй үйлдэл хийдэг. тэдэнд хариуцлага тооцохын оронд хайрлаж анхаарах хэрэгтэй байх.
2014-09-13
hariutslaga hvleelge:
hariutslaga tootsoo
2014-09-13
зочин :
хариуцлага хүлээлэгдэг болгооч ээ, хууль байхгүй юм бол журмаар зохицуулаач батүүл даргаа!!!
2014-09-13
зочин:
энэ новшнууд бол эх орноосоо урвагчид, ихэнх нь сахилгагүй банди нар байгаа даа, бүгдийг нь цэрэгт явуулж үүрэг, хариуцлага гэж юу болохыг мэдрүүлэх хэрэгтэй
2014-09-13
$&$wvdrst:
олон тумний амь насны телее ядаж байхад энэ тусгай дугаарын утсаар элдэв худал дуудлага егч тоглоом тохуу хийсэн этгээдуудийг 30 хоног баривчилж хеделмерийн хелсний доод хэмжээг 100-120 дахин есгесен хэмжээгээр торгож шийтгэж байх тхай хууль гаргачих. тэгвэл ийм балай юмнууд хаширна
2014-09-12