Хүүхэд дайрсан жолоочийг харъя
Өчигдрийн цахим ертөнцийн сенсааци цэцэг сүйтгэсэн жолооч байлаа. Зогсоол олдохгүй болохоор нь цэцгийн мандал дээр машинаа байрлуулсан гэнэ. Бас намар цаг болж байгаа учраас цэцгийг хатаж гундаж байгаа гээд дээр нь машинаа зогсоосон гэсэн тайлбарыг өгч харагдана лээ. 300, 400 сая төгрөг төсөвлөж, зуны гурван сард ч атугай ногоон байгууламжтай мэт харагдах гэсэн хотынхны хичээл зүтгэл дээр гишгэсэн жолоочийг хэн ч өмгөөлөхгүй. Тиймээс ч жолоо барих эрхийг хоёр жилээр хассан гэдгээ замын цагдаагийнхан камерын өмнө хэлж, бусад жолооч нарт сануулга болгов.
ө
Тэгвэл цэцэг сүйтгэсэн жолоочийг камераар харуулж, олны өмнө шийтгэдэг юм байж. Харин хүүхэд дайрсан жолоочийг яагаад харуулахгүй байна вэ? Хэсэгхэн газар суулгасан нэг наст цэцэг, 10 сар тээж төрүүлсэн хүний үр хоёрын аль нь илүү үнэ цэнэтэй вэ? Замын цагдаагийнхны өчигдрийн "үзүүлбэр"-ээс бол өнөө маргаашгүй хатаж гундах цэцэг илүү үнэтэй, цэнэтэй байсан бололтой.
ө
Хүүхэд дайрсан жолооч нь цагдаа, машин нь цагдаагийнх учраас олны нүднээс далд байх ёстой. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас ганц үг ганхийх ёсгүй. Энэ их халхавчийн цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Саяхан аль нэг телевизийн мэдээнээс сонссон санагдана. Охин чихэвч зүүж явсан учраас эсрэг урсгалаар гарч ирсэн машиныг анзаараагүй, хараагүй. Тиймээс 12 настай охины буруу. Яг л Баянзүрх дүүрэгт хоёр цагдаа 66 настай хөгшнийг дайрчихаад, хохирогч согтуу байсан учраас өөрийнх нь буруу гээд орхидог шиг.
ө
Хотын гудамжин дахь цэцгэн дээр машинаа байрлуулж, ургамал сүйтгэсэн жолоочийг харлаа. Одоо хүний үрийг дайрч, амь насыг нь хохироосон өөр нэг жолоочийг харъя.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ