Ц.Баасандорж: Аудиторуудыг шалгуулна
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр өмнө нь АТГ-ын мөрдөн байцаагч нарын хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийж байсан бол энэ удаа хууль зөрчсөн Үндэсний аудитын шинжээчийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
а
-Үндэсний аудитын газрын шинжээч болон бусад шинжээчийг цагдаагийн байгууллагад шалгуулах болсон гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Гэрээнд нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаална гэж тохироод, тооцоо хийгдээд дууссан байхад 39000 төгрөг байх ёстой байсан мэтээр аудитын газраас дүгнэх нь хууль зөрчиж байгаа юм. Үндэсний аудитын газарт ийм эрх хэмжээ байхгүй. Энэ байгууллага төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт зөвлөмж гаргадаг байгууллага болохоос хоёр хуулийн этгээдийн байгуулсан гэрээн дээр тайлбар хийдэг, дүгнэлт гаргадаг, хүчин төгөлдөр эсэхийг нь тогтоодог байгууллага биш. Гэрээнд шуудайлсан жингээр тооцоо хийнэ гээд заасан байхад вагоноос ачуулсан жингээр тооцоо хийх байдлаар 2, 3 тэрбум төгрөгийн зөрүү гаргаж ирээд байгаа. Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоог Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт, “Оюу эрдэм” аудитын байгууллагын шинжээчдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Гэхдээ АТГ-аас бүгд хараат болсон болохоор хэргийг шалгалт сайн явагдахгүй байна.
х
-Шинжээчийг АТГ-ын нягтлан бодогчийн гаргасан дүнгээс зөрүүлж болохгүй гэсэн гэлээ.
-АТГ-т Татварын Ерөнхий газарт ажиллаж байсан мэргэшсэн нягтлан бодогч ажилладаг юм байна. Надад шинжээч н.Ичинхорлоо “АТГ нягтлангаараа урьдчилсан дүгнэлт, тоо хэмжээ бичүүлчихээд та өөр дүгнэлт гаргахгүй юм байгаа биз дээ. Худал дүгнэлт гарвал хариуцлага хүлээлгэнэ шүү гэж дарамталж байгаад дүгнэлт гаргуулсан” гэж тайлбарласан. Ер нь АТГ дотроо нягтлан бодогч авчихаад ингэж ажиллаж болохгүй. Түүнийх нь гаргасан тоог шинжээч нараар харуулж байгаад батлуулдаг. Аудитын газрын дүгнэлтээр хувийн шинжээчийн байгууллагыг оруулаад батлуулдаг байж болохгүй.
р
-Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа. Гэтэл ахлах зөвлөхийн албан тушаал байхгүй гэж яригдаж байна.
-Засгийн газрын тухай хуулийн 34.2-т Ерөнхий сайд зөвлөхтэй байж болно гэж заасан байдаг. Гэхдээ зөвлөх нь ийм эрх үүрэгтэй байна гэсэн заалт байхгүй. Гэтэл өнөөдөр Л.Гансүх гэдэг хүнийг “эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй этгээд” мэт заалтаар хариуцлагад татаж хэлмэгдүүлээд байгаа юм. Гэтэл Ерөнхий сайдын зөвлөх гэдэг хүнд тийм эрх хэмжээ байхгүй. Мөнгө идэх боломжгүй албан тушаалтныг холбогдуулж зориуд удаашруулж шалгад буйд өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж байгаа.
л
-Ер нь хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явагдаж байна. Цагдан хорих арга хэмжээний хугацаа хэзээ дуусах вэ?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчээс АТГ-ын мөрдөн байцаагч н.Золжаргал нэг ч удаа байцаалт аваагүй. Очиж уулзахаараа Ц.Баасандорж гэдэг өмгөөлөгчийг хэрэгт оролцуулахгүй байхыг л захидаг гэсэн. Цагдан хорих арга хэмжээний хугацаа энэ сарын 29-нд дуусна. Тэгэхээр Л.Гансүхийг батлан даалтад гаргах хүсэлтээ тавина.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ