
Инфляцийн өсөлтийг хэрэглэгчийн худалдаж авсан бараа болон үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг харьцангуй үзүүлэлт болох хэрэглээний үнийн индексээр тооцож гаргадаг. Тэгвэл Хэрэглээний үнийн улсын индекс арваннэгдүгээр сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 12.3 хувиар тус тус өслөө. Улаанбаатар хотын сарын инфляци 0.7 хувь, улсын хэмжээнд сарын инфляци 1.3 хувьтай гарлаа. Суурь инфляци сарын 0.6 хувь, жилийн 10.2 хувь байв.
Улаанбаатар хотын сарын инфляци 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус бүлгийн барааны үнэ 0.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Энэ оны хувьд инфляцид хүнсний барааны үнийн өсөлтийн нөлөө буурч, харин бусад бүлгүүдийн үнийн өөрчлөлтийн нөлөө нэмэгдсэн байна. Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сард хүнсний барааны үнийн өсөлт жилийн инфляцийн 54.3 хувийг бүрдүүлж байсан бол 2011 оны 11 дүгээр сард 40.4 хувь болсон байна.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлтийг бүлгээр нь авч үзвэл тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 21.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 18.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 11.7 хувь, хүнсний барааных 11.2 хувь, боловсролын үйлчилгээнийх 10.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр өсөлттэй бүлгүүд байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ