Хүүхдүүд хулгайн гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ
Насанд хүрээгүй хүмүүс оны эхний найман сарын байдлаар 368 гэмт хэрэгт, 372 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн улмаас 572 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Хүүхдүүд бусдын эрх чөлөө, амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон булаах, дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаагаас хулгайлах гэмт хэрэг хамгийн өндөр буюу 46 хувийг эзэлж байна.
х
Энэ тухай нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Болормаа “Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа, хяналт сул байдал нь хүүхэд гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох нэгэн шалтгаан болдог. Тиймээс бага насны хүүхдээ хичээлээ тараад юу хийж буйг мэдэж байх, гадаа тоглоход нь хараа хяналт тавих шаардлагатай байгаа юм. Мөн өсвөр насны хүүхдээ хэнтэй нийлж, ямар зүйл хийж байгаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж буйг анхаарах хэрэгтэй” гэж ярилаа.
х
Түүнчлэн цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон тухай дуудлага хоногт дунджаар 8-15 ирдэг байна. Тэдгээрээс бага насны хүүхэд гэрээсээ төөрсөн байдаг бол өсвөр насны хүүхдүүд эцэг эхийн таарамжгүй байдлаас гэрээсээ явах, цахим тоглоомонд донтож хонож тоглох зэрэг шалтгаантай байдаг гэнэ. Харин зарим хүүхэд өөрөө мөнгө олох зорилгоор зах дээр ажил хийх, бохь, чихэр зарж гэртээ очих ёстойгоо цагаасаа оройтож очих асуудлууд байдаг аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ