Засгийн газар түүхэн айлчлал хэмээн дүгнэлээ
Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
б
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дүнг хэлэлцлээ
ө
БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.
ө
БНХАУ-ын даргын 11 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл болсон бөгөөд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашидын хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн айлчлал болсон гэж үзлээ. Айлчлалын үеэр хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, бүхий л салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг урагшлуулж бодит ажил хэрэг болгох, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, байгууллага хоорондын 26, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурав.
ө
Монгол Улс, БНХАУ хоорондын харилцааны түвшинг дээшлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, санхүү, хилийн боомт, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч өндөр, дээд түвшинд олон чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн болов. Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын 4 боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв. Айлчлалын үеэр хятадын тал Монгол Улсын хөгжил цэцэглэлд зориулан ирэх 3 жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.
ө
Мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Хятадын тал ирэх 5 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг 1000-аар нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад 1000 хүн хамруулах, цэргийн 500 албан хаагчийг сургах, хэвлэл мэдээллийн салбарын 250 ажилтан, Монгол Улсын 500 залууг Хятад улсад хүлээн авч айлчлуулах, Монголын тал ирэх 5 жилийн хугацаанд Хятад улсын 250 залууг манай улсад айлчлуулахаар тохиролцов. Эдгээр арга хэмжээ нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын харилцан солилцоог тогтмолжуулахад хувь нэмэр оруулах юм.
ө
Монгол-Хятадын дипломат харилцааны түүхэнд байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болголоо
1
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 1949 оноос хойш хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээний үйлчлэлийг цэгцлэх талаар 2008 онд Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын дэд дарга Си Зиньпины айлчлалын үеэр тохиролцсон байдаг. 1949-2012 онд хоёр орны хооронд 425 гэрээ байгуулснаас 152 гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 273 гэрээний үйлчлэл дуусгавар болсныг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг тогтоожээ.
ө
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протоколыг баталлаа. Өнөөг хүртэл байгуулсан гэрээнүүдийн үйлчлэлийг тодорхой болгож, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд эрх зүйн талаас хувь нэмэр оруулах энэ протоколд БНХАУ-ын дарга Си Зиньпины өнгөрөгч 8 дугаар сард Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.
ө
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын дүнг хэлэлцэв
1
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. Айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дахин нотолж, цаашид Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг түргэвчлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгаж хэрэгжүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын гол үр дүн боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, цэргийн боловсон хүчин бэлтгэх зэрэг уламжлалт хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөж байгааг сайшааж, 2015 онд тохиох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Москва хотноо Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулахаар тохиролцов.
ө
Хоёр орны худалдааг эрчимжүүлэх, тэнцвэртэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тохиролцоонд хүрлээ. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл, монгол гэр зэргийг ОХУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх зорилгоор хэлэлцээ хийж, эрх зүйн үндсийг боловсруулахаар болов. Мөн худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, үүний тулд холбогдох баримт бичгийг байгуулах, Монголд рублийн хэрэгцээт нөөцийг бий болгох үүднээс 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудлаар хоёр улсын Сангийн сайд нар ойрын үед хэлэлцээ хийхээр боллоо.
ө
Дэд бүтцийн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-ыг далайцтай шинэчлэхээр тохиролцож, үүний тулд хос төмөр зам барих, төмөр замыг цахилгаанжуулах ажлыг яаралтай эхлүүлэн, 2020 он гэхэд дуусгахаар тохиролцов. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглаж, ОХУ, БНХАУ-ын хооронд дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулах чиглэлээр ажиллахаар болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрээс “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны ард түмний түүхэн уламжлалт найрсаг харилцааг харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
ө
Улаанбаатар төмөр замын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна
1
Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой тул Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай.
1
ОХУ-ын Ерөнхийлөгчийн саяхан Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон.
1
Өмнө нь 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг. БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, энэ нь тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэлээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.
1
Монгол, Турк улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
1
2013 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотноо гарын үсэг зурсан Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа. Энэ хэлэлцээрийг баталснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 2 сая гаруй турк лирийн хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан БНТУ-ын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох юм.
1 Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1
Монгол Улсын эрдэс баялгийн салбар ил тод байх эрх зүйн орчин бүрдсэнээр урт хугацаанд нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарна гэж тооцож байна.
1. Олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын бүтэц, зохион байгуулалт бий болно.
2. Энэ салбарын аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргадаг, авлига, хууль бус төлбөр өгч авдаг зэрэг зохисгүй хандлагыг халах эрх зүйн зохицуулалт болно.
3. Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.
4. Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийт хяналт тавих боломжтой болно.
5. Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ.
6. Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт, ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ