Цахим үнэмлэхийг олгож эхэлнэ
Иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 26-ны өдрөөс 2012 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор УБЕГ төлөвлөсөн аж.
Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны долоодугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 11 дүгээр сарын нэгний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж УБЕГ мэдээлсэн.
Тодруулбал, тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн санг үүсгэн ''Иргэний үнэмлэх'' олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас ийнхүү иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө олгохоор шийдсэн байна.
Мөн УБЕГ, Монгол улсын 2.7 сая иргэний 15.483.773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон гэж үзэж байна.
“Иргэний цахим үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнгөрөгч сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлаад байна.
Цахим үнэмлэхийн загвар, нууцлалыг танилцуулбал
Цахим мэдээлэл бүхий иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор дараах үр дүнд хүрнэ гэж холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа юм. Үүнд:
• Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ;
• Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна;
• Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно;
• Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно гэж үзэж байна.
Эхний ээлжинд тус үнэмлэхэнд тухайн иргэний дараах мэдээллүүд багтах аж.
Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ҮТЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж холбогдон VPN /Virtual Private Network/ сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
Цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэхүү дундын өгөгдлийн системийн үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ