Залуусын хотоос хийсэн тэмдэглэл
Бид Сэлэнгээс Улаанбаатар хотыг зорих замдаа Залуусын хот гэгддэг Дархан-Уул аймагт аяны дөрөө мултлав. Энд намар цагийн зэвэргэн бороо орж, саяхан тогтсон агаад жиндүүхэн салхитай, чийг үнэртсэн үдэш айлчилжээ. Хотын гэрэлтүүлэг, Бурхант уул, Морин хууртай хөшөөг холбосон дүүжин гүүрийн өнгө, өнгийн гэрэл шөнийн Дарханыг жавхаалаг харагдуулах аж. Охид, залуус уулзалдан аль нэгэн зүгийг зорих, хос залуус хөтлөлцөн алхах, хамт олноороо явж буй бололтой хэсэг хүүхэд инээлдэж, хөхрөлдсөөр бужигнан зөрөх нь аргагүй залуусын хот гэдгийг нь илтгэх мэт. Энэ шуугиант хотод ийм орой саатсаны учир Дархан хотын хэв журмын байдалтай танилцах гэсэн гол зорилготой.
а
Дархан-Уул аймаг дахь найман их, дээд сургуулийн хичээл эхлэхээр хотын хүн ам 120-130 мянгад хүрч хэлбэлздэг байна. Олон улсын чанартай зам дайран өнгөрдөг, зэргэлдээ аймгийн иргэд түр болон бүртгэлгүйгээр оршин суудаг гээд түм түжигнэж, бус бужигнасан энэ аймагт оны эхний найман сарын байдлаар 587 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 488 буюу 83 хувь нь аймгийн төвд үйлдэгдсэн байна. Энэ тухай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Даваасамбуу “Сүүлийн жилүүдэд хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргүүд нийт гэмт хэргийн дотор хамгийн өндөр хувийг эзэлж байна. Мөн хүчиндэх, дээрэмдэх, булаах, ашиглах болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Харин бусдын амь насыг хохироох, танхайрах, байгаль хамгаалах хэв журмын болон захиргааны хэв журмын эсрэг гэмт хэргүүд буурав. Бид хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий таван иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөлийг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулаад ажиллаж байна” гэж ярьсан. Мөн тус аймагт олон нийтийн цагдааг ажиллуулахаар 30 иргэнийг сургалтад хамруулан бэлтгэжээ.
о
Дархан сумыг 128 камераар хянадаг
о
Дархан сумын замын уулзвар, олон нийтийн үйлчилгээний газар, зах, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай орчмыг Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн 128 ширхэг камер хянаж байдаг. Тодруулбал хотын хяналтын 114, тусгай зориулалтын 14 камер. Түүнээс нэг чигийн хөдөлгөөнтэй 63, хөдөлгөөнт 51 камер. Тусгай зориулатын камераар хотоос гарах болон хотын аль нэг постоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийг хянадаг. Мөн эрэн сурвалжилж буй этгээдийг камерт таниулсан үед уг этгээд Дархан хотод орж ирсэн тохиолдолд төхөөрөмжөөс шууд дохио өгч, түүнийг барих боломжтой. Илрүүлэлт 97 хувиас дээш буюу уг этгээдийн царай, зүс, содон шинж тэмдэг камерт таниулсантай баталгаатай таарсан үед дохио өгнө. Оны эхний найман сарын байдлаар гурван этгээдийг олж илрүүлсэн” гэж Холбоо мэдээллийн ахлах инженер, цагдаагийн хошууч Д.Тулгаа онцолж байв.
р
Түүнчлэн тусгай дугаарын 101, 102, 103 дугаарын утсанд ирж буй дуудлагыг бичиж авахаас гадна камерын бичлэгийг архивладаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор таксинд эд зүйлээ мартаж буусан иргэд камерын бичлэгийг шүүлгүүлэх нь ихэссэн ба өнгөрөгч нэгдүгээр сараас хойш 500 орчим өргөдлийг хүлээн авч камерын бичлэг шалган үйлчилж, эд зүйлийг нь олж өгсөн аж. Камер суурилуулснаас хойш гудамж талбайн хэрэг зөрчил багассан гэв.
о
“Хаана ч явсан хариуцлагагүй жолооч”
о
Биднийг Хөтөлийн шалган бүртгэх товчоогоор орж ирэхэд цагдаа зохицуулагч товчоогоор дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийн нэвтрүүлж байв. Энэхүү пост 24 цагаар ажилладаг аж. Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Э.Ганзориг “Жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шулуун явж байхдаа гэрлээ шилжүүлээгүйн улмаас гэрлийн гялбаанд орж осол, аваар гарч байна” гэлээ. Түүнийг ийнхүү яриад дуусаагүй шахам байхад нэг гэрэл нь асахгүй автомашин товчоогоор орж ирлээ. Жолоочоос яагаад гэж асуухад “донсолгоонд утас нь салж, нийлээд байх шиг байна. 20-хон км яваад гэртээ харьчих байтал зам зогсоогоод” гэж уцаарлангуй хариулав. Энэ жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа нь миний болоод зорчигчдийн амь насанд аюултай. 20 км битгий хэл 2 метрийн цаана ч хэлж ирэхгүй аюул байж мэднэ гэдгийг ухаараагүй л яваа бололтой. Тэрбээр зөрчлөө арилгаад цааш замд гарах үүрэг хүлээсэн бол түүний зөрчлийг арилгуулах, аюултай гэдгийг ойлгуулахыг зохицуулагч хариуцахаар болов.
р
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэж албаны эх сурвалж дурдаж байсан. Иймэрхүү хариуцлагагүй жолооч олширсоор байвал улам л нэмэгдэх болно. Тиймээс жолооч, зохицуулагч хоёул хариуцлагатай байх хэрэгтэй мэт санагдлаа.
о
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсчээ
о
Дархан-Уул аймгийн төвд Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн гурван пост ажилладаг байна. Бид дүүжин гүүрийн доод талд байрлах постод очив. Дархан хотын шөнийн цэнгээний газрууд хааснаас хойш буюу 00.00-02.00 цагийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг, шалгалтыг ч эрчимжүүлдэг аж. Ялангуяа жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэлээн гардаг байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас оны эхний найман сарын байдлаар тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 902 зөрчил илрүүлсэн энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 300 орчмоор нэмэгдсэн гэж ахлах зохицуулагч А.Эрдэнэзул ярьсан.
х
Энэ үеэр нэгэн жолоочийг зогсоон шалгахад жолооны эрхийн үнэмлэхгүй бөгөөд согтуугаар машин унаж яваа залуу байв. Тэрбээр энэ өдрийн дөрөв дэх дүрэм зөрчигч болж буй гэнэ. Түүнд хуулийн дагуу 7-30 хоногийн хугацаанд баривчлах ял шийтгэх юм байна. Гэхдээ зөвхөн жолооч нараас шалтгаалахгүйгээр явган зорчигчид гарц таван алхамын цаана байхад гарцгүй газраар гарч машинд дайруулах, шүргэгдэх, мөргүүлэх осол гарч байна. Тэдэнд зөвлөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэдэг ч энэ байдалд ахиц гарах нь бага байгааг ахлах зохицуулагч онцолж байсан.
р
290 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалжээ
о
Шөнийн 23.20 цагийн үед хотын төвдөө ойролцоо нэгэн бааранд орлоо. Найрсаг үйлчилгээ, тав тухтай орчинтой энэ бааранд гадны хөл гишгэх зайгүй охид, залуус бүжиглэж байв. Гэтэл биднийг ороод удаагүй байхад хөгжим зогсож, залуус гадуур хувцас, цүнхээ аваад гарч эхэллээ. Эндхийн баарууд 00.00 цагт хаадаг ба 23.30 цагт хөгжмөө зогсоож үйлчлүүлэгчдээ гаргадаг юм байна. Энэ соёлыг манай нийслэлийнхэн ч нэвтрүүлж болмоор бодогдов. Өнгөрөгч оноос эхлэн аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг 290 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
р
Энэ тухай аймгийн Цагдаагийн газрын Архидаг согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Д.Гэрэлмаа “Манай аймаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 560 аж ахуй нэгжтэй байсан. Хуулийн дагуу шалгалт хийж, өнгөрөгч онд 165 аж ахуй нэгжийн, энэ онд 125 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид 50 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээгээр буурч байна. Сотгуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 35.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Мөн эрүүлжүүлэгдэж байгаа игэдийн тоо ч буурч байна. Сар бүрийн 17-ны өдөр архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. Гэхдээ гэр орон, найз нөхдийндөө архи уух ахуйн хүрээний архидалт байгаагаас цагдаагийн байгууллагад иргэдийн зүгээс ирэх дуудлага тасрахгүй байна” гэж ярьсан. Биднийг очиход ч эрүүлжүүлэх байранд 2-3 хүн байсан ба тэдний хөлчүүрхэх дуу жижүүрийн өрөөнд хүртэл сонсогдож байв.
х
Ийнхүү бид Дархан хотын шөнийн амьдрал, хэв журмын нөхцөл байдалтай танилцсан юм. Үеийн үед залуусыг урин дуудсан, эвлэлдэн, найрамдахын билэгдэл "хаан бугуйвч"-т Дархан хот өнгө, өнгийн гэрлээрээ шөнийн харанхуйг гийгүүлсээр алсад үлдэв.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ