Л.Дагвасүрэн: Мөргөлдөөн болвол манайхан галд өртөх магадлалтай байсан
Монгол Улсын зэвсэгт хүчний гурав дахь мотобуудлагын батальон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад есөн сарын хугацаанд цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зориг гарган үүргээ амжилттай гүйцэтгээд өнгөрөгч сарын сүүлээр эх орондоо ирсэн. Бид тус ээлжинд штабын даргын үүргийг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Л.Дагвасүрэнтэй энхийг сахиулах үйл ажиллагаа, тангарагтаа үнэнч цэнхэр дуулгатнуудын тухай ярилцлаа. Бидний хамгийн том бахархал бол “Эх орон, төр засгаасаа өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгээд, бүгд эрүүл, эсэн мэнд эх орондоо ирсэн явдал юм” хэмээн даруухан агаад бахархангуй өгүүлэх түүний ярилцлагыг хүргэж байна.
а
-Гуравдугаар ээлжийн үүрэг гүйцэтгэсэн үеэс ярилцлагаа эхэлье. Та бүхнийг очих үед Өмнөд Суданд цагийн байдал хүндэрсэн гэсэн.
-Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс өнөөдрийн байдлаар дөрөв дэх мотобуудлагын батальоноо илгээгээд, манай цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэж байна. Манайх 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд гуравдугаар ээлж болон эмхлэн зохион байгуулагдаж үүргээ гүйцэтгээд эх орондоо ирцгээлээ. Биднийг очих үед цагийн байдал харьцангуй тогтвортой байсан. НҮБ-аас улирал бүр бэлэн байдлын шалгалт хийдэг бөгөөд уг шалгалт биднийг очсон даруйд явагдсан. Бид ч амжилттай шалгуулсан. БНӨСУ-д 2013 оны 12 дугаар сарын 15-аас цагийн байдал хүндэрсэн. Анхандаа отог хоорондын мөргөлдөөн мэтээр ажиглагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам улс төрийн шинжтэй мөргөлдөөн гэдэг нь ил болж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Сальва Кийр, өмнө нь дэд ерөнхийлөгч байсан Риек Мачар нарын зөрчилдөөний асуудал. Сальва Кийр Динка омгийн, Риек Мачар Нуер омгийн хүн. Энэ хоёрын зөрчилдөөнөөс болоод Нуер болон Динка омгийн ард иргэд хоорондоо зөрчилдсөн. Үүнээс үүссэн мөргөлдөөн одоо ч үргэлжилж байна.
а
-Таны хувьд штабын даргын үүргийг гүйцэтгэсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс цэргийн багийн удирдлага батальоноо маш сайн удирдсан гэж байсан.
-Аливаа баг хамт олныг удирдахад удирдлагын гар нийлэмжтэй ажиллагаа удирдагчийн шийдвэр гаргах чадвар, манлайлал, ажлын туршлага гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай батальоны захирагчаар энхийг дэмжих ажиллагаанд зургаа дахь удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа туршлагатай дэд хурандаа Б.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэсэн. Мөн багийн орлогч дэд хурандаа Ү.Амгаланбаатар болон ажиллагааны туршлагатай алба хаагчдаас бүрдсэн штабын хамт олонтой явсан нь бахархалтай. Хариуцлагатай хамт олонтой хамтарч үүрэг гүйцэтгэхэд сайхан байсан.
х
-Үүрэг гүйцэтгэх хугацаанд халдлагад өртсөн гэж байсан.
- Батальоны үндсэн бүрэлдэхүүн байсан Бентью хот цаг агаарын хувьд халууны улиралдаа бүгчим, шороо тосжилттой, борооны улиралдаа ус шавар ихтэй, дэд бүтэц сулхан, зам харилцаа муу, хөдөлгөөн үйлдэх сайжруулсан ганц л замтай. Тэр замаар унаатай, унаагүй бүх хүмүүс зорчиж, ачаа тээвэр дамжин өнгөрнө. Энэ зам НҮБ-ын баазын яг хажуугаар өнгөрдөг. Цагийн байдал хурцдаж, мөргөлдөөн болвол бааз сөргөлдөгч талуудын галд өртөх магадлалтай. Гэхдээ юу юугүй НҮБ-ын бааз руу чиглэсэн халдлага байгаагүй. Бид зэргэлдээх салбаруудтайгаа харилцан ажилладаг. 2014 оны дөрөвдүгээр сард Дээд Нил мужийн Малакал хот дахь Энэтхэгийн батальон Жубагаас усан замаар хангалтаа татахад нь UNMISS ажиллагааны хүчний командлагчийн шийдвэрээр манайхаас 2 завь 4ЦАХ-аар дэмжлэг үзүүлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр усан замаар тээвэр хийж явсан бүрэлдэхүүнийг Тонж гэдэг газар явж байхад халдлага болж хоёр цаг гаруй хугацаанд гал нээсэн байдаг. Тээврийн хамгаалалтыг Непалийн цэргүүд гүйцэтгэж байсан ба тэд мандатад заагдсан үүргээ маш сайн биелүүлсэн. Энэ үед манай сургалтын офицер ахмад Д.Мөнхбат хөмсөгний дээд талдаа жаахан шарх авсан бусад нь шархдаагүй. Непалийн цэргээс 2-3 цэрэг шархадсан байсан. Гэхдээ аз болоход хүний амь эрсэдсэн, хүнд шархадсан асуудал болоогүй. Тэнд явсан бүрэлдэхүүн үүргээ сайн гүйцэтгэсэн. Эсрэг талаас гал нээсэн этгээдүүд Засгийн газрын цэрэг болох нь тогтоогдсон.
р
“47 мянган хүний ундны усыг худгаас зөөдөг байсан”
о
-Энхийг сахиулагчид дайжсан хүмүүст лагерь байгуулж өгөх, харуул хамгаалалт зохион байгуулах зэрэг мандатад заагдсан үүргээс гадна олон үүргийг гүйцэтгэдэг гэдэг. Энэ удаа л гэхэд 47 мянга гаруй иргэнийг ундны усаар хангаж байсан гэсэн.
-Цагийн байдал хүндэрсэн үед олон үүрэг нэмэгдэж ирсэн. Орон гэрээсээ дайжсан иргэдийн лагерийг байгуулах, хамгаалалтыг зохион байгуулах, энгийн иргэдийг татан гаргах, шархадсан, өвдсөн хүмүүс, хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, тэдэнд ус, хоол хүнсний хангалт хийх болон лагерьт хэв журмыг сахиулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт. Лагерьт ирсэн 47 мянга гаруй орон гэрээсээ дайжсан иргэдийг ундны усаар хангахад манай батальон дэмжлэг үзүүлж өөрсдийн усны машинаар худгаас ус тээвэрлэж хүмүүст түгээх ажлыг зохион байгуулж байсан.
х
-Манай улсын энхийг сахиулагчдад тухайн газар орны хүмүүс тааламжтай ханддаг гэдэг юм билээ.
-Орон нутгийн иргэд манай монгол цэргүүдэд их элгэмсүү ханддаг. Хүүхдүүд нь гар даллаастай. Дагаж гүйгээд л. Их сайн. Цэргийн багийн ээлж бүр тухайн үүрэг гүйцэтгэж байгаа газартаа иргэн-цэргийн харилцааны ажил зохион байгуулдаг. Дээр нь цэргийн албан хаагчдын орон нутгийн иргэдтэй зөв харьцах асуудал чухал байдаг. Манай бүрэлдэхүүний 4О гаруй хувь өмнө нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байсан учир иргэдтэй хэрхэн харьцах талд туршлагатай байсан.
а
-Монгол хүний дасан зохицох чадвар сайн болохоор орчин нөхцөлд нь ажирдаггүй гэдэг. Гэхдээ алба хаагчдын бие махбодид сөргөөр нөлөөлөх зүйл байдаг байх.
-Монгол хүн ямар ч газар оронд амархан дасан зохицдог гэдгийг би үнэн байх гэж боддог. Зөвхөн миний хувьд гэхэд би өмнө нь Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан. Сая Африк тивд үүрэг гүйцэтгэлээ. Монгол хүний дасан зохицох чадварт манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал нөлөөлдөг байх гэж боддог. Манай цэргийн алба хаагчдын бие бялдар сайн гэж би хэлэхээр байна. Есөн сар гэдэг бол багагүй хугацаа. Эрс тэс уур амьсгалтай орноос борооны, халууны хоёрхон улиралтай газар оронд үүрэг гүйцэтгэхэд бие бүрэлдэхүүнд ноцтой өвчлөл гараагүй. Бүгд сайн байсан.
х
-Үүрэг гүйцэтгэх үеэрээ баримтат кино хийсэн гэсэн. Мөн СТӨ-нд тоглолт хийсэн шүү дээ.
-Манай цэргийн багийн бүрэлдэхүүн эндээс өвөрлөн явсан нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зорилгоо биелүүлээд сайхан хамт олон болоод ирсэн. Бид цагийн байдал хүнд байна гээд гар хумхиад суугаагүй. Цэргийн алба хаагчдынхаа сэтгэлзүйг дэмжих зорилгоор Монголынхоо бүх тэмдэглэлт баяруудыг тэмдэглэх, янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг соёл олон нийтийн олон ажлуудыг зохион байгуулж байв. Мөн баримтат кино хийж, дурсамжийн болон ажиллагааны туршлага сургамжийн номуудыг гаргалаа. Эх орондоо ирээд бүрэн хэмжээний урлагийн тоглолт тавьсан. Баримтат киноны гол санаа нь эх орон, эх оронч үзэл гэж юу юм бэ, харь оронд, цагийн байдал хүнд хэцүү цагт эх орон, элгэн садан ямар үнэтэй байдаг юм бэ, монгол хүн юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулах зорилгоор хийсэн. Энд энхийг сахиулагчид, цэргүүд байхаас гадна монгол хүн гэдгийг л чухалчилсан. Бидний гол бахархах зүйл нь бүгд эх орон, төр засгаас өгсөн үүргээ амжилттай гүйцэтгээд бүгд эрүүл саруул эсэн мэнд ирсэн нь юм.
а
-Нийтийн дунд энхийг сахиулагчдыг үүрэг гүйцэтгэж ирээд их хэмжээний мөнгө авдаг гэсэн ойлголт байдаг.
-НҮБ-д энхийг сахиулах ажиллагаанд алба хаах хугацаанд тогтсон цалин авдаг. Хүмүүсийн яриад байгаа шиг их хэмжээний биш. Гэхдээ энэ нь цэргийн албан хаагчдын амьдрал ахуйгаа сайжруулахад тодорхой хэмжээгээр нэмэр болох нь ойлгомжтой. Сүүлийн үед залуучууд маань юмыг үнэхээр сайн ойлгодог болсон. Анх явж байсан залуучууд машин авч унаад, ой зуурын юманд зарцуулаад өнгөрдөг байсан бол өнөөдрийн залуучууд маань байр орон сууц, хашаа байшин авахад нэмэрлэх, сургалтын төлбөрөө хийх гэх мэт амьдралдаа бодитой хөрөнгө оруулалтыг хийдэг болсон байна.
а
-Та энхийг сахиулагчийг тодорхойлвол.
-Энхийг сахиулагч гэж цагаа олсон зөв, оновчтой шийдвэр гаргадаг, мэргэжлийн ур чадвартай, хамгийн гол нь хүнлэг, хүн чанартай хүнийг хэлэх байх. Монгол цэрэг Ирак, Афганистан Косово, Серра Леон, Чад ТАБНУ, Судан, БНӨСУ гээд дэлхийн халуун цэг болсон газруудад аль ч орны цэргээс дутахааргүй үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн бүх баг үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Энэ бол монгол хүн, монгол цэрэг, монгол энхийг сахиулагчийн ур чадвар гэж хэлэх байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ