Х.Гэрэл: Би Г.Сарангэрэлийг эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай нийлж зохиомол хэрэгт унагасан

.
Ингээд захидлын талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
.
-Х.Гэрэл гэх охин Г.Сарангэрэлд илгээсэн захидалдаа өөрийгөө эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай дотно харьцаатай байсан. Улмаар энэ хэрэгт Г.Сарангэрэлийг зохиомлоор татан оролцуулсан гэж мэдэгдсэн байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Г.Сарангэрэлийн хэрэгт эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг шалгуулах хүсэлтээ би ЦЕГ-т өгсөн. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө тэд Г.Сарангэрэлийн хэргийг зохион байгуулсан гэж би үздэг. Энэ нь хэрэгт авагдсан нөхцөл байдал, уг хэрэг анх яаж, хэрхэн, хэдийд үүссэн, ямар байдалтай илэрсэн, хэргийн шийдвэрлэлт ямар байдалтай явагдаж байгаа гээд олон зүйлийн шалтгаант холбоогоор сэжиг бүхий байсан. Яагаад гэхээр Г.Сарангэрэлийг хар тамхины хэргээр саатуулсан хэрнээ мөрдөн байцаалтын явцад хар тамхины хэргээс илүүтэй тодорхой нэгэн албан тушаалтантай холбогдуулах гэж оролдоод байсан нь анхаарал татаж байсан. Энэ нь Г.Сарангэрэлийн хэргийг зохиомол байж болзошгүй гэх хардлагыг зайлшгүй төрүүлсэн л дээ. Хар тамхи хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байхад Х.Гэрэл би хэрэглэсэн гээд өөрөө хэрэг хүлээгээд, Г.Сарангэрэлийн тухай хэрэгт холбогдолгүй эсэн бусын худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар нь ч гэсэн зөвхөн Х.Гэрэлийн мэдүүлгээр шалгаад байсан, Х.Гэрэл 1.8 жилийн хорих ял авчихаад баярлаад, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй байсан зэрэг нь зохион байгуулалттай хэргийн гүйцэтгэгч нь Х.Гэрэлийг байх гэдгийг баталсан. Тиймээс би есдүгээр сарын 2-нд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг шалгуулах хүсэлт гаргасан байдаг юм.
:
-Захидлын тухай тодруулбал?
-Би Х.Гэрэлийн мэдүүлэгтээ танилцаагүй. Гэхдээ Х.Гэрэл миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлд “Би чамайг анхнаасаа зохиомол гэмт хэрэгт унагасан...Тиймээс чи намайг уучлаарай... Хоёулаа эргээд найзууд болоё..” гэх утга бүхий захидал илгээсэн байна лээ. Х.Гэрэл тухайн үед “Би цагдаагийн байгууллагын мэдээлэгч, туслах ажилтан байсан” гэдгээ хүлээсэн гэдгийг Г.Сарангэрэл надад хэлсэн. Би ч Х.Гэрэлийг ингэж мэдүүлсэнд гайхаагүй. Угаасаа энэ хэрэгт Х.Гэрэл цагдаагийн байгууллагын мэдээлэгчийн хувиар оролцсон гэдэг нь тодорхой байсан. Энэ нь гүйцэтгэх ажлын тухай хуулийн 14.6- буюу туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг. Энэ заалтын дагуу би Т.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэж өгөөч гэж ЦЕГ-т хүсэлт гаргасан. Гэвч ЦЕГ-ын Дотоод, аюулгүй байдлын хэлтэс хангалттай шалгаж өгөөгүй. Х.Гэрэл өөрөө “Би эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай дотно харьцаатай байсан. Би удаа дараа хар тамхи хэрэглэдэг, борлуулдаг байгаад баригдсан. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу 10-15 жилийн хорих ял авах хуулийн заалттай байсан учраас хэргээ аргалах үүднээс Т.Энх-Амгалангийн захиалгаар Г.Сарангэрэлийг энэ хэрэгт хүчээр оруулсан. Тэгээд өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Г.Сарангэрэлийг зохиомол гэмт хэрэгт унагасан....Үүнийхээ төлөөсөнд 1.8 жилийн хорих ял авсан..” гэх утга бүхий тайлбар өгсөн байж болзошгүй байхад ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийнхэн ЭХ-ийн 9.1 дэхь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг баримтлан шалгахийн оронд харин ч “..Гэрэлийн энэ үйлдэл нь гэмт хэрэг биш байна..” гээд миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс би хуулийнхаа дагуу ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссор С.Баатаржавд гомдол гаргана.
.
-Тэгэхээр та Х.Гэрэлийн энэ мэдүүлэгтэй та өөрөө албан ёсоор танилцсан уу?
-Би танилцаагүй. Гол нь Х.Гэрэлийн эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалантай дотно харьцаатай байсан. Зохион байгуулалттай гэмт хэрэгт Г.Сарангэрэлийн татан оролцуулсан тухай хорих ангид өөрийнх нь Сарангэрэлд бичсэн захиа байна. Худлаа гэж үзвэл Х.Гэрэлийн бичгийн хэвийг энэхүү захидлын бичгийн хэвтэй тулгаж, шинжлүүлж болно. Би мэдээж өөрийнхөө үйлчлүүлэгчийн үг болон нотлох баримтанд тулгуурлана. Тэгэхээр Г.Сарангэрэлийн үгэнд итгэж байна.
.
-Мэдүүлэгтэй та өөрөө танилцаагүй. Г.Сарангэрэлийн үгээр л Х.Гэрэл Г.Сарангэрэлийг зохион байгуулалттай гэмт хэрэгт унагасан гэж яриад байна аа даа?
-ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн байцаагч н.Чинбат Х.Гэрэлийг байцаасан байдаг. н.Чинбатын мэдүүлэгт энэ тухай тодорхой байгаа гэж Х.Гэрэл өөрөө хүлээгээд ярьсан байна. Энэ тухай захидалдаа ч дурьдсан байна. Хэрвээ итгэхгүй бол захидлын бичгийг хэвийг шинжээчээр шалгуулж болно.
.
-Эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан хэргийн байцаалтад ямар үүрэгтэй оролцох эрхтэй юм бэ?
-Т.Энх-Амгалан гэмт хэргийг эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтайгаар холбогдох баримтын хамт мөрдөн байцаагчид шилжүүлсэнээр Т.Энх-Амгалангийн эрх үүрэг дуусах ёстой. Гэтэл Т.Энх-Амгалан Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцох эрхгүй субьект мөртлөө хэргийг гуравдугаар сарын 2-ны өдөр мөрдөн байцаагчид шилжүүлсэний дараа тодорхойгүй шалтгааны улмаас удаа дараа уулзсаныг ШШГЕГ-аас тогтоосон байдаг. Энэ нь хэрэгт хувийн ашиг сонирхлын улмаас оролцсон болохыг нотолж байна.
.
-Х.Гэрэлтэй уулзсан уу. Захидлаас харахад “Би чамайг бодоод бас өмгөөлөгчийг чинь “худал” гомдол гаргасан болгохгүйн тулд тэр гомдлыг чинь эсэргүүцэж, ямар нэг юм ярьсангүй” гэж бичсэн байна. Энэ нь Г.Сарангэрэл та хоёр Х.Гэрэлийг дарамтлаад ч юм уу. Бичээд өгөөч гэж байгаад бичүүлсэн мэт харагдаж байна л даа?
-Тийм болохоор л би Х.Гэрэлтэй уулздаггүй. Х.Гэрэл бол хэлсэн мэдүүлгээсээ буцдаг, хүнийг гэмт хэрэгт гүтгэх араншин давамгайлсан байх магадлалтай. Зан чанарын хувьд тогтворгүй тул түүний хүсэлтээр уулзвал дараа нь “..Г.Батбаяр өмгөөлөгч намайг албадаж айлгаж байгаад бичүүлсэн..” гэвэл би яах юм. Гэхдээ би ямарч байсан энэ хэргийн үнэн мөнийг заавал олох болно. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд давж заалдахаар магадлалаа хүлээж байна. Хэрэг ч эхнээсээ зохион байгуулалттай байсан нь нотлогдож байна. Болохгүй бол Х.Гэрэлийн баримтад тулгуурлан шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулна.
Эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан Х.Гэрэлтэй уулзах хууль зүйн үндэслэл байхгүй байхад уулзсаныг нь ШШГЕГ-аас тогтоосон байна.
Х.Гэрэлээс Г.Сарангэрэлд бичсэн захидал /Хэтэрхий хувийн зүйл бичсэн захидал байсан учраас бүрэн эхээр нь оруулахаас татгалзав/.
6
Б.Бат
Эх сурвалж: http://www.24tsag.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ