Монгол түмний шүтээн Отгонтэнгэр
Монголчууд эртнээс онголон тахиж ирсэн тахилгатай уулын нэг болох Отгонтэнгэр хайрхан Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог билээ. Энэ сарын 25-ны өдөр Отгонтэнгэр хайрханыг зорин очсон юм. Биднийг очиход Отгонтэнгэр хайрханы хормойд рашаан ус цэнхэрлэн угтсан бол өмнүүр нь урсан өнгөрдөг Чулуутын голын ус татарч, хатсан сайр чулуу угтлаа. Нутгийн иргэдийн хэлж буйгаар Завхан нутагт өнгөрөгч долоодугаар сараас хойш бороо хур ороогүй гандуу байгаатай холбоотой хэмээн тайлбарласан юм.
6
Хайрханы баруун талд төрийн их тахилгат овоо байрладаг бол зүүн талд нь суварга байршуулжээ. Уг суваргыг өнгөрсөн онд “Нарантуул” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар босгосон бөгөөд зорьж очсон иргэд сүү цагаан идээгээ өргөж, хадгаа уяж залбирах талбай зэргийг бий болгосон аж.
as
Отгонтэнгэрийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ш.Батмэнд гуай очсон хүмүүст төрийн их тахилгат хайрханд улаан өнгөтэй идээ будаа, архи өргөх хориотой, будаагаа овоонд өргөж, сүү цагаан идээ, чихэр жимс, хадаг зэргийг суварганд өргөж болно. Рашаан усанд гараа угааж болохгүй, элдэв үг хэлж болохгүй хэмээн зааварчилгаа өгч байсан юм. Тэрбээр хэлэхдээ, Отгонтэнгэр хайрхан бол ноён уул, Бадархундага нь бол аягатай унд нь гэж ойлго, Баянзүрх, Мандал хайрхан нь хаан уул нь, хоёр хатан уул нь Буянт багийн хажуугаар Асгатын нуруу гээд тогоо хүнхтэй, ардаа жаахан нууртай, нөгөөх нь Хальст гээд Бумбатад байгаа. Эдгээр таван уул бие биенээ харж байдаг. Монгол Улсыг даадаг гэж ном товхимолд тэмдэглэсэн байдаг. Манай өвөг дээдэс маш их хүндэтгэж ирсэн, эмэгтэй хүн гарахгүй, лам нар олон цагаар ном уншиж мөргөл үйлдэхдээ нойтон гүзээ авч ирж, бие засах зэргээр хүндэтгэж ирсэн. Отгонтэнгэрийн өндрийг хамгийн анх 4031 метр гэж байсан, дараа нь 4028 метр болсон. Одоо 3995 мерт гэж мэдээлж байна лээ. Мөнх цас нь хайлаад багасаад байгаа юм уу эсвэл тухайн үеийн хэмждэг багажнаас орчин үеийнх нь илүү боловсронгуй сайн болсон юм байлгүй дээ” гэж байв.
5
Отгонтэнгэр хайрханы тухай сонирхуулвал, дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн хэмээн “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулсан байдаг аж. Тиймээс ч Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8 р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон юм.
5
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ.
5
4031 м өндөрт оршдог Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай. Урд өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрладаг. Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч, хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг хэмээн тэмдэглэгдсэн байна.
s
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ