МУИС-ийн оюутнуудын ээлжит шаардлага
МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрныхаа өмнөх талбайд тайван жагсаал хийлээ. Сургуулийн дотоод бүтэц, өөрчлөлт, удирдлагуудын гаргаж буй шийдвэр нь оюутнуудын нийтлэг эрх, ашигт сөргөөр нөлөөлж буйг тэд илэрхийлэв. Сургуулийн захирал А.Галтбаярт хандаж таван зүйлтэй шаардлага хүргүүлэх гэсэн боловч хүлээж аваагүй учир БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандана, салбарын сайд хүлээж авахгүй бол Ерөнхий сайдад хандахаа мэдэгдлээ.
ө
МУИС-ийн захиргаа нь хичээлийн бэлтгэлийг хангалттай түвшинд хийгээгүй буюу хичээл сонголтын систем нь бэлэн болоогүйн улмаас оюутнуудад хичээл, багшаа сонгол хийх боломжгүй болсон. Мөн Үндэсний тэтгэлэгээ авах боломжгүй болж байна гэж жагсаалд оролцогч оюутнууд ярьж байв. Мөн нэгдүгээр дамжааны оюутнуудын хичээлийг батлагдаагүй хөтөлбөрөөр эхлүүлсэн. Захирлын А/284 тоот тушаалаар дотуур байрны журам батлагдан байранд орох, гарах асуудлыг Сургалтын алба хариуцдаг, олон дамжлагатай, есдүгээр сар гарснаас хойш оюутнуудаа авдаг болжээ. Ингэснээр дотуур байранд орох оюутны тоо цөөрч, алдагдалтай ажиллаж буй гэнэ.
ө
Түүнчлэн сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа оюутны эрх, үүрэг, оюутны байгууллагын статус, эрх зүйн орчин зэргийг огт тусгахгүйгээр хуучин дүрэм байсан заалтыг хассан. Хүнд суртал хэтэрч байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн.
ө
Өнгөрөгч тавдугаар сард МУИС-ийн төгсөх ангийн оюутнууд тайван жагсаал хийж, сургуулийн удирдлагууддаа шаардлага хүргүүлж байсан.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ