“Улсын эрдэнэ” өргөмжлөлтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд, иргэд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.
бө
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшиж оролцохдоо мөрийн хөтөлбөртөө тусгасан дөрвөн хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай заалт байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол энэ төслийн сүүлийн хэлэлцүүлэг юм. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бол энэ журмын төслийн утга учрыг хамгийн сайн мэддэг, Монгол Улсын урдаа барьдаг мэргэжлийн хүмүүс юм. Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор албажуулахын өмнө та бүхэн дахин нэг сайн нягтлан шүүж, хамгийн сүүлийн редакц хийж ажиллаж өгөхийг та бүхнээс хүсч байна. Энэ төсөлд БШУЯ, ШУА-ийн ажилтнууд, судлаачид, олон хүний саналыг авсан. Өргөмжлөлийг цагаан сараар олгодог байхаар тусгаж өгсөн. Олгосны дараа тэр хүнд нь ур ухаан, авъяас билгээ хойч ирээдүй, залуу үедээ өвлүүлж үлдээхэд нь дэмжлэг үзүүлдэг байх зорилготой гэлээ.
бө
Үүний дараа Соёлын биет бус өвийг тээгч хүмүүсийг хэрхэн урамшуулдаг талаар гадаад орнуудын зарим туршлагаас Соёлын өвийн төвийн зөвлөх, доктор С.Юндэнбат танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар тээгч эзэнтэйгээ хамт үрэгдэж үгүй болох эрсдэлтэй эмзэг өв болох соёлын биет бус өвийг хойч үедээ дамжуулан үлдээх зорилгоор гадаадын улс орнууд тодорхой арга хэмжээ авдаг байна. Японд 1950-иад оноос ийм арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 1975, 2004 онд удаа дараа хууль тогтоомж гаргаж байжээ. Ингэснээр устаж мөхөхийн босгонд тулсан уламжлалт технологи, урлаг, ёслол, зан үйлийг тээгчдийг төрийн хамгаалалтад авч, “Хүн эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг Японд анх хэрэгжүүлж байсан байна.
бө
БНСУ мөн ийм хөтөлбөр хэрэгжүүлж, ЮНЕСКО дээрх орнуудын “Хүн-амьд эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг гишүүн орнууддаа нэвтрүүлэх зөвлөмж гаргаж байжээ. БНСУ-д соёлын биет бус өвийг тээгчдэд мөнгөн урамшуулал олгохоос гадна эрүүл мэндийг нь хамгаалж, урлах бүтээх орчныг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авдаг юм байна. Харин уг өв тээгч хойч үеийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дээрх нөхцөлийг цуцлах арга хэмжээ авдаг аж.
бө
Уг өргөмжлөл нь алтан, мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй аж. Өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн Цагаан сараар хүртээх бөгөөд жилдээ ес хүртэлх тооны өвлөн уламжлагч хүртэх нөхцөлтэй ажээ. Өргөмжлөлийг энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал дагалдах юм байна. Алтан өргөмжлөлийг хүртсэн нэг өвлөгч таван сая төгрөг, хэрэв хамт олноороо бол найман сая төгрөгийг оролцооны хувь хэмжээгээрээ хуваан хүртэж байхаар төсөлд тусгажээ. Мөнгөн өргөмжлөлийг нэг өвлөгч хүртвэл гурван сая төгрөг, хамт олноороо бол таван сая төгрөгийг хуваан хүртэх юм байна.
бө
Төслийн талаар үг хэлсэн хүмүүс мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлэх, ур чадвараа дараа үедээ өвлүүлэх ажилд хариуцлагагүй хандсан бол өргөмжлөлийг цуцлах, өв тээгчид тавих шалгуурыг нарийн боловсруулах зэрэг санал хэлж байлаа.
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ