“Цахим парламент”-ыг нээв

img

УИХ, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн ”Цахим парламент" төсөл, УИХ-ын хуралдааны цахим системийн нээлтийн арга хэмжээ боллоо.

df

УИХ-ын дэд дарга Л.Цог “Цахим парламент" төслийн нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Ирэх жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Манай хоёр орон, түүний дотор УИХ, БНСУ-ын Үндэсний Ассамблей хамтын ажиллагааны баялаг түүхтэй. УИХ-ын Тамгын газар, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны түүхийн хуудсыг нэмсэн бас нэгэн чухал арга хэмжээ бол БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улсын Их Хурлын Тамгын газарт хэрэгжсэн энэхүү цахим парламент төсөл юм.” гэв.

df

Төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад техник, технологийн орчин үеийн ололтыг тусгасан программ хангамж, дуу, дүрсний систем бүхий хуралдааны иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа. Тухайлбал, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд ашиглах УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд бүрэн нийцсэн программ хангамж, техникийн өндөр үзүүлэлт бүхий тоон системийн нийт 16 ширхэг камер, чадлын өсгөгч бүхий 18 ширхэг чанга яригч, дэлхийн олон орны парламентад ашиглагддаг 230 ширхэг микрофонт гар, чуулганы хуралдааны 5 танхимын дуу, дүрсний удирдлагын систем, чуулганы хуралдааны бие даасан сүлжээ, нөөцлөх төхөөрөмжүүд болон дагалдах техник хэрэгслүүдийг суурилуулжээ.

df

Төслийн нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Энэ төслийг хэрэгжүүлэх гэрээг бид 2012 онд үзэглэж байсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд буюу хугацаанаас нь нэг жилийн өмнө төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсын чуулганы хуралдааны дэг хуулийн дагуу хэрэгжинэ. Түүнчлэн Байнгын хороодын хуралдааны үйл ажиллагаа чанаржихаас гадна парламентын сэтгүүл зүйд ахиц авчирсан өөрчлөлт хийгдлээ гэж үзэж байна” гэсэн юм.

df

Төслийн нээлтийн арга хэмжээний дараа зочид, төлөөлөгчид Төрийн ордны зүүн жигүүрт байрлах парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын төвтэй танилцсан юм. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар парламентын сэтгүүлчдийн өрөөг чуулганы хуралдааны бүх танхимын дуу, дүрсний сигналыг нэг цэгээс өндөр чанартайгаар хүлээн авч бичлэг хийх боломжтой тоног төхөөрөмжөөр тоноглож шинэчлэн тохижуулснаар хууль тогтоох үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэд сонгогчид, олон нийтэд шуурхай түгээх боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.

df

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ