“Нээлттэй Улаанбаатар-2014” олон улсын форум болно

Энэ удаагийн чуулганаас дараахь томоохон баримт бичгийг гаргана.
- Улаанбаатарын тунхаглал
- Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд
Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар оролцохоос гадна гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцохоо урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, ОУБНХ-ийн дэд Ерөнхийлөгч нар үг хэлэх бөгөөд үндсэн илтгэлийг “Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа” сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар илтгэл тавина. Мөн Төр ба нийгмийн уялдаа холбоо, Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Тусгай зөвшөөрөл гэсэн үндсэн 4 сэдвийн дор салбар хуралдааныг зохион байгуулах юм.
Тус форумыг зохион байгуулахад Азийн Ардчилалын сүлжээ, Тайваны Ардчилалын сан, Нийтлэг эрх ашгийн төв, Транспаренси Интернэшнл, Ардчилалын төлөөх дэлхийн хөдөлгөөн, Үндэсний ардчилалын сан, Олон Улсын хувийн жижиг дунд үйлдвэрлэлийн төв зэрэг гадаад дотоодын 10 байгууллага өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ