Хариуцлагын тогтолцоог шинэчлэхгүйгээр засаглалын хямрал цэглэгдэхгүй
Тун эгзэгтэй цаг үед УИХ намрын чуулганы нээлтээ хийлээ. Шийдвэрлэх асуудлууд тэдний өмнө өч төчнөөн бий. Хэрэлдэж биш хэлцэж асуудлуудынхаа ард гарахгүй бол олон нийтийн зүгээс муу дүн тавина шүү гэж парламентчдад олонтаа сануулсан. Нийгэм, эдийн засгийн эрхзүйн шинэчлэлтийг хийхгүй бол төрийн машин явахаа байсныг засаглал, эдийн засагт нүүрлээд байгаа хямрал улам л даамжирна. 11-дүгээр сарын 10-ны дотор ирэх жилийн төсвийг хуулийн дагуу батлах ёстой, хөрш хоёр оронтой хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлого болоод эдийн засгийн суурь хуулиудыг батлах, бизнесийн орчинг сайжруулах амаргүй тохирлцооны ард парламент гарах ёстой.
5
Улстөрийн намуудын рейтингийн судалгаагаар МАН, АН-ы нэр хүнд ямагт дпоошилсон үзүүлэлттэй харин Ерөнхийлөгчийн нэр хүнд огцом дээшилж байгаагаас харахад парламент нүүрээ хаацайлах биш хамтраад асуудлаа шийдэхээс өөр аргагүй байдалд түлхэж байгаа юм. Засгийн газар чих нь хатуу байж, парламент алсын хараагүй шийдвэр гаргасны төлөөс нь үр дүнгүй замбараагүй хөрөнгө оруулалт, ард иргэдийн амьжиргааны төвшний доройтол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний, инфляцийн галзуурал боллоо. Одоо л ширээн доороо гар барилцаж наймаалцах бус урд урдаасаа харж суугаад буруу зөвөө ярилцаад хамтарсан шийдэлд хүрчихмээр байгаа юм.
6
Чуулган нээгдээд л хэрэлдэх сэдэв олон бий. Засгийн газрын бүтцийн асуудал юун тэргүүнд яригдана. Сөрөг хүчний зүгээс ч энэ шаарддлагыг тавих санаатай байгаа. Ерөнхий сайд ч танхимаа чадваржуулах нэрийн дор өөрчлөлт хийхийг хүсч буй. Энэ өөрчлөлтийн асуудлыг хэрүүлийн алим болгочихгүйгээр хурдхан шийдвэрлэх ёстой. Сөрөг хүчин Засгийн газрын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэсэн бодлого дээрээ баттай зогсвол асуудал ужгирна. Хаврын чуулган шиг хуралдаанаа хаяж яваад эхэлбэл байдал улам бүр хэцүүднэ. Дараагийн Ерөнхий сайдыг сонгох, сайдуудыг томилох ажил нүсэр хугацаа шаардахаас гадна парламентын хагаралыг улам даамжруулна.
6
АН-тай тохиролцоод ажлаа хийж чадахгүй гэж үзсэн хэдэн сайд нарыг сугалаад засгийн танхимыг авч үлдэх хувилбарыг сонговол хугацаа хожихоос гадна дараа дараагийн асуудлуудаа нухацтай ярилцаж шийдвэрлэх боломж бүрдэнэ. Гуравдахь хувилбар нь энэ асуудлыг ирэх оны төсөв батлагдсны дараа яаралгүй шийдвэрлэх. Одоогийн ийм хүнд нөхцөл байдалтай байгаа нийгэм эдийн засгийн хохирлыг нуруун дээрээ даагаад аваад явчих Засгийн газар бүрдэх боломж бололцоо тун хомсхон. Эхлүүлсэн ажлыг нь өөрөөр нь үргэжлүүлэх нь өнөөхөндөө хамгийн зөв хувилбар байх болов уу.
5
Засаг сайн ажиллах хариуцлагын бололцоо тун хязгаарлагдмал байгаа эрхзүйн үндсээ эргэж нэг хармаар байгаа юм. Давхар дээлийг нь тайлуулаад чадалтай боловсон хүчнээр Засгийн аппаратыг бүрдүүлэх учиртай. Энэ шинэчлэлтийг хоёр нам хийх сонирхолтой гэж хэлдэг ч нидэр дээрээ хоёр тийшээ хараад суучихдаг. Нэг нь хууль тогтоож, нөгөө нь хууль хэрэгжүүлэгч атлаа УИХ-ын 20 хувь нь эргээд хууль хэрэгжүүлэх танхимд ороод л ажиллаж байна. Хэн хэндээ хяналт тавиад байгаа нь огтоос ойлгомжгүй. 15 жилийн турш бид ийм гаж засаглал, төрийн тогтолцоотой явж ирлээ. Дээр нь гарч ирсэн Засгийн газар болгон нүсэр том аппаратыг бий болгодог. Дэд сайд, яам агентлагын орлогч дарга нар гээд уртаас урт дараалал бүхий албан тушаалтнууд. Чадвар гэхээсээ илүүтэй паралментад их бага суудалтай намуудын төлөөлөл. Төрийн алба улстөрөөс ангид гэж олонтаа ярьдаг ч хэрэгжүүлэх байтугай улам дэвэргэнэ. Засгийн газрын танхимаар яаран оролдох бус эрхзүйн орчноо шинэчлэх шаардлагатай байна. Хариуцлагын тогтолцоо бүрдээгүй төрийн машины араа шүд мөлийсөн байдаг. Түүнийг л засч гэмээн засаглал, эдийн засгийн хямралаас бид мөддөө гарахгүй.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ