Ханбумбат анхны арилжааны нислэгээ хүлээн авлаа

img

Оюутолгойн Ханбумбат нисэх буудал өнгөрөгч лхагва гарагт анхны арилжааны нислэгийг хүлээн авлаа. “Аэро Монголиа” компани Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг тус нисэх буудал руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр болжээ. Сэтгүүлчид бизнесийн төлөөлөгчид анх удаа олон улсын стандартад нийцэх, том оврын хүнд онгоц “Боинг” “Сааб”-ыг ч хүлээн авах хүчин чадалтай баригдсан Ханбумбат нисэх буудлын арилжааны нислэгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Нидерланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50” онгоцоор үйлчлэх энэхүү шинэ нислэгийн нээлт нь уурхайн дэд бүтцээ орон нутгийн ард иргэдтэй хамтран ашиглах Оюутолгойн хэтийн зорилтод хүрэхэд томоохон ахиц гарсныг харуулж байна.

1

“Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал У.Сагамдолдой “Манай компани анхны нислэгээ үйлдсэнээс хойш 11 жил өнгөрч байна. Манайх Оюутолгой төслийг анх эхэлснээс хойш өнөөг хүртэл агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа үнэхээр бахархдаг. Оюутолгой төслийн ачаар өмнийн говь руу нисэх зорчигчийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад нислэгийн шинэ чиглэл нээгээч гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлага, ард иргэд олонтаа тавьсан тул “Ханбумбат” нисэх онгоцны буудал баригдаж бид энэхүү хүсэлтийг биелүүлэх боломжтой болсонд их баяртай байна” гэж нээлтийн ёслол дээр ярив. Тэрбээр ахмадын баярын өдөр нээсэн энэхүү ёслол дээр аравдугаар сарыг дуустал Ханбогд сумын ахмадуудад 50, иргэдэд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчуулах шийдвэр гаргасан гэдгээ хэлэхэд сумын иргэд талархан хүлээн авсан юм.

1

Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Айвен Велла энэ үеэр хэлэхдээ “Хоёр жилийн өмнө бид Ханбумбат нисэх буудлыг барьж байхдаа өнөөдөр шиг өдрийг л мөрөөдөж байлаа. Бид “Ханбумбат” нисэх буудлыг уурхайн ажилтнууд, тэдэнд үйлчлэгчдийг тээвэрлэх зорилгоор барьсан. Гэхдээ бүс нутгийн дэд бүтцийн энэхүү чухал хэсгийг бид хамтран ашиглаж, орон нутгийн иргэдэд ч бодит ашиг шим өгнө гэсэн санаа бидэнд анхнаасаа байсан юм” гэв.

1

Анхны нислэгт оролцсон багийнхан Дэмчогийн хийдийг үзэж, тус сумын малчин Ц.Сувданшагайгийнд зочлов. Ханбумбат, Улаанбаатар хоорондын чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа лхагва болон бямба гарагт хийнэ. Аэро Монголиа компани Ханбогд сумд билетийн касс болон төлөөлөгчийн газраа нээсэн юм. Ийнхүү арилжааны нислэг үйлдэж эхэлснээр тус суманд аялал жуулчлал хөгжих өргөн дэлгэр боломж нээгдэж байна. Тус суманд тавдугаар хутагт Данзанравжаагийн бариулсан дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд  болон нүүдэлчин ардын ахуйтай танилцах гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж орон нутгийн иргэд ярьсан юм.

Нээлтийн ажиллагаанд Аэро Монголиа компанийн нисгэгчид болон нутгийн иргэд оролцлоо.

1

Ханбумбат нисэх буудлын барилгын ерөнхий архитектур монгол гэрийг санагдуулам.

1

Дэмчигийн хийдэд очиход хур орж солонго татан угтлаа.

1

1

Д.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urka:
yostoi goy buudal boljee.aylal juuchlal hugjuhud tom huvi nemer oruuljee.mashinaar ywhad denduu hol bolhoor tii*e ywhad hetsuu sanagddag bsan.odoo uilchilgee ard tumendee ulam l oirtoj bna da.bayar hurgey
2014-10-02
охин нь:
бөөн бөөн эерэг энергитэй сайхан мэдээ байна
2014-10-02
баясгалан:
үнэхээр сайхан буудал болсон байна билээ. цэвэрхэн тохилог тухтай. аймгийн төвийн зарим буудлаас ч тухтай. энэ бол монголд л үлдэх хөрөнгө. оюутолгой төсөлд баярлалаа
2014-10-02
zochin:
goe buudal bolson bn tomchuul idehee bagasgabal ushuul hugjinduu
2014-10-02
б.батбилиг:
сурвалжлах багийн бүрэлдэхүүнд багтаж, анхны нислэгийн гэрч болсонд баяр хүргэхийн ялдамд уг үйл явдлын талаар мэдээллээ бэлтгэж хамгийн түрүүнд олны хүртээл болгосонд талархал илэрхийлье. уран бүтээлийн их амжилт хүсмой.
2014-10-02