Н.Алтанхуяг: Зургаан яамыг нэгтгэж гурав болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
.
-Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаар хойш олон нийтэд чиглэсэн ажил нэлээд хийгдсэн. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд хүрсэн байгаа. Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарт 20 жилд байгаагүй ажлыг хийлээ. Цаашдаа ч олон ажил хийгдэнэ.
.
ЗТЯ-ыг БХЯ-тай нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон орууллаа. Уул уурхайн яам, Эрчим хүчний яамтай нийлүүлж Геологи, уул уурхай, эрчим хүчний яам гэсэн нэртэйгээр орууллаа. Манайх шиг ашиг малтмалын нөөцтэй орны хувьд ингэж оруулж байна. Эдийн засгийн яамыг Сангийн яамтай нэгтгээд Сангийн яам болголоо. Эдийн засгийн хөгжлийн яам эдийн засагт томоохон өөрчлөлт оруулж, бондын мөнгө босгосон. Гэхдээ зээлийн мөнгө Сангийн яамнаас тусдаа байна, хоёр төсөвтэй байна гэсэн шүүмжлэл дагаж байсан. Ингээд зургаан яам нэгтгэгдлээ.
.
Эдийн засгийн хөгжлийн яамны концессийн асуудлыг Сангийн яаманд харьяалагдаж байна. Гадаадаас авдаг зээл тусламж төсвөөс салж байна гэдэг. Тиймээс Сангийн яаманд өгч байгаа. Манай гадаад харилцаа эдийн засагжих шаардлагатай байгаа. Гадаадад байгаа Элчин сайд, консулууд хичнээн хэмжээний хөрөнгийг Монголын эдийн засагт оруулсан вэ гэдгийг гаргаж ирэх шаардлагатай байгаа. Тийм учраас Эдийн засаг дахь гадаад худалдаа, харилцаа гэж оруулж байна. Ингээд Гадаад яамыг худалдаа, хөрөнгө оруулалт дээр хурдтай ажиллах шаардлагатай. Ач холбогдлыг нь өндөрсгөж байна. ГХ-ны сайд зиндаа дээгүүр байх шаардлагатай. Тийм учраас Гадаад харилцааны сайдыг Гадаад харилцааны сайд бөгөөд шадар сайд болгож байна гэлээ.
.
Мөн Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн бодлогыг харьяалуулж, Эдийн засгийн үндэсний хороо болгож байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан байна. Өнөөдрөөс УИХ дахь намын бүлгээр хэлэлцэгдэх ажээ.
₮
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ