1.05 сая төгрөгийн тамхи устгана
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Энхжин”, “Юмт Бөмбөгөр”, “Меркури”, “Эрдэнэбулган” зэрэг хүнсний захын 980 гаруй лангуу түрээслэгчдэд шалгалт хийжээ. Шалгалтаар “Нарантуул”, “Барс” захууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, “Хүнсний бөөний агуулах” нь халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй, тоос шороотой стандартын шаардлага хангахгүй нь илэрчээ. Мөн захуудад хаяг шошгын шаардлага хангаагүй, импортын хүнс сав баглаа боодлын зөрчилтэй, хугацаа дууссан, хүнсний нэмэлт болон импортын янжуур тамхи нь онцгой албан татварын тэмдэггүй, Монгол улсад худалдан борлуулахыг зөвшөөрсөн тэмдэглэгээгүй гэсэн зөрчлүүд илэрсэн байна.
б
шалгалтын хариуг үндэслэн хадгалалтын хугацаа нь дууссан 21 төрлийн 2.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, зургаан нэрийн 241 ширхэг 1.05 сая төгрөгийн янжуур, дүнсэн тамхийг хурааж устгалд оруулахаар болжээ. Мөн таван аж ахуй нэгжид 28.9 сая төгрөгийн, 44 иргэнд 7.4 сая төгрөгийн, найман албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн буюу нийт 53.09 орчим сая төгрөгийн торгууль ногдуулж, шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татжээ. Бас “Нарантуул” захын өргөтгөлийн хүнсний худалдаа, “Барс”-ын төмөр чингэлэгийн хүнсний худалдааны үйл ажиллагааг түр зогсоосон байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ