Шинэчлэлийн “шинэ бүтэц” хэрхэн бүрдэх бол
Хоёр жил ажилласан Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц хуучирч, шүүмжлэлд өртсөнөөс цомхон, чадварлаг болгох төслөө Ерөнхий сайд УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт өргөн барьж, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дайруулан, хамгийн түрүүнд хэлэлцүүлж байна. Одоогийн 19 сайд, 16 яам, 21 агентлаг гэсэн данхайсан бүтцээ цомхон болгохыг сөрөг хүчин шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас нь өнөөг хүртэл шүүмжилж, шаардсаар ирсэн. Харин одоо сөрөг хүчний шаардлага, санал биеллээ олоход дөхөм болж, Ерөнхий сайд зургаан яамыг нэгтгэн гурав болгож, шадар сайдын орон тоог нэгээр нэмэх төслөө намрын чуулганы нээлттэй зэрэгцэн өргөн барилаа.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газрын тэргүүний саналыг дэмжихийн зэрэгцээ яамдын тоог дахин цөөрүүл, Соёл, спорт, аялал жуучлалын яамыг хасч, ЭМЯ, БОНХЯ, БШУЯ-нд эрхлэх асуудлыг нь хуваарил, Эрүүл мэндийн, БШУ-ны сайдыг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг дайж байгаа.
6
Засгийн газрын 50 хувьд өөрчлөлт орвол танхимаараа огцордог. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын танхимын 50 хувь нь болдог. Эдүгээ танхимын 50 хувьд хамаарах 19 сайд, 16 яамны гуравны нэгд өөрчлөлт оруулаад байна. Одоогийн өргөн баригдсан төслөөр Засгийн газарт сэлгээ хийгдвэл хэн нь огцорч, хэн хэн орж ирэх вэ гэсэн таамаглал ид яригдаж эхэллээ.
6
Сангийн яам, ЭЗХЯ-ыг нэгтгэн Сангийн яам болгож байгаа. Нэгтгэсэн энэ яамыг одоогийн Сангийн сайд Ч.Улаан удирдах бололтой. Учир нь Засагтай хамтарсан “Шударга ёс” эвсэл бүтцийн өөрчлөлт манайд хамааралгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. Тиймээс ч Шадар сайдын орон тоог нэмж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн албан тушаал бий болоход одоогийн МАХН-ын дэд дарга Шадар сайд Д.Тэрбишдагвын албан тушаалын өмнө “Тэргүүн” гэдэг үг нэмэгдэх юм билээ. Түүнээс бус эрхлэх асуудал нь хэвээр байх аж. Харин үүнд нэгэн цагт нэг нам, нэгэн тогоонд хамт чанагдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тун эгдүүцэж “Албан тушаалд дуртай нөхөд их байна. Д.Тэрбишдагвын цэнхэр хадгийг улаан болгох гээд байгаа юм байна. Д.Тэрбишдагва аа, чи цэнхэртэйгээ дуусгачихаач. Улаанаар яах гээд байгаа юм” хэмээн хатгаж байв.
6
Харин ЭЗХ-ийн яамны эрхлэх асуудал Сангийн яам болон ГХЯ-нд хуваагдан очиж байгаа. Тиймээс ч Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын албан тушаалд очих хүн бол гадаадад Монголыг сурталчлах, нэр хүндтэй, эдийн засгийн болоод гадаад харилцааны хувьд мэргэшсэн эрхэм байхаар. Ямартай ч албан тушаалд одоогийн ГХ-ны сайд Л.Болдыг хэвээр үлдэхгүй бололтой. Харин өнгөрсөн хоёр жилийн турш шүүмжлэлд өртөн, эдийн засгийг хямрааж, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголоос нүүр бууруулахад хувь нэмрээ оруулсан, гаднаас бонд босгон их хэмжээний зээл авч үр ашиггүй зарцуулсан “хэргийн эзэн”-ээр цоллуулж байсан Н.Батбаяр сайдыг томилогдоно гэх яриа чих дэлсэж байна. Үүнийг сонссон сөрөг хүчнийхэн “Арай үгүй байлгүй. Ийм зүйл гэж байж болохгүй байх. Ажлаа муу хийсэн хүнийг дэвшүүлэн зайлуулахгүй байлгүй” хэмээцгээж байна лээ.
6
ЗТЯ, БХБЯ-ыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгон өөрчилж байгаа. Дэд бүтцийн сайдаар томилогдох эрхмээр юун түрүүн экс Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Ц.Батхүүгийн нэр явж байна. Гэхдээ түүнийг зам тээврийн салбарыг удирдаж байснаар нь дэд бүтцээ хариуцуулна гэвэл гоомой, хөнгөн дүгнэлт юм гэж үзэх ажиглагчид байна.
6
Уул уурхайн яам, ЭХЯ-ыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам болгохоор төлөвлөсөн. Нэгтгэсэн яамыг одоогийн сайд Д.Ганхуягаар удирдуулах эсэх нь эргэлзээтэй. Уул уурхайн сайд Д.Ганхуяг АН дахь Шонхор фракцын буюу спикерийн хүн хэдий ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад “Алтан гадас”-аараа зүгийг заалгахаар санаархаж байгаа нь тодорхой. Гэвч фракц бүлэглэлийн тохироо хэрхэн явагдсанаас тус яамны сайдын асуудал шийдэгдэнэ. Эрх баригч хүчин улсын эдийн засгийг авч явах гол яамаа “Шударга ёс” эвсэлд өгнө гэдэг худлаа. Тиймээс одоогийн Эрчим хүчний сайд М.Сономпил унах магадлалтай. Эсвээс сэлгээ хийж болох ч “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарсан дөрвөн квотоо хадгалахдаа, шинэ бүтцэд аль яамыг авахаас хамаарч хэнийг томилохоо шийдэх биз. “Шударга ёс” эвсэл дэх Зам тээвэр, аялал жуулчлалын яамны экс дэд сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Монгол Улсын экс сайд, ҮШН-ын дарга М.Энхсайхан гээд улс төрийн хүчний удирдлагууд нь туг барилгүй, тугал хариулаад явж л байгаа. Тэд ч энэ удаагийн бүтцийн шинэчлэлийн далбаан дор сайдын сэнтийд суухыг хүсэлгүй яах билээ. Басхүү уг асуудлаар “Шударга ёс” ч дотооддоо тохиролцох биз.
6
Ерөнхийлөгчөөс Засгийн газрын шинэ бүтцээр сайд нарыг томилохдоо “давхар дээл”-ийг тайлахыг анхааруулсан. Сөрөг хүчин ч Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Харин Ерөнхий сайд үүнд толгой дохин байгаа ч УИХ-ын гишүүн “Засгийн газрын гишүүн байх нь хууль зөрчихгүй” гэж өөрийн байр сууриа нотолсон. Тиймээс Засгийн газрын шинэ бүтцийн сайд нар томилогдоход “давхар дээл”-тэй эрхэм ч байж болно. Үүнийг ч шинээр томилогдох сайд нарын таамаглалд нэр нь явж байгаа эрхмүүд батлаад байх шиг.
6
Ямартай ч өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байсан Засгийн газрын бүтэц өөрчлөлт оруулах асуудалд АН-ын бүлэг завсарлага авч нэг хоногоор хойшиллоо. УИХ дахь эрх баригч хүчин нам, бүлэг дотроо асуудлаа хэлэлцэн нэгдсэн тохиролцоонд хүрэх бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН дахь фракц бүлэглэл дээрх асуудлаар дотроо ширүүхэн мэтгэлцэж байгаа сурагтай.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ