Замын-Үүдийн гаальд “түгжрэл” үүсээд байна

img

Манай улсын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомтоор хүн, машин нь тасралтгүй хөлхдөг. Ид ачааллын үедээ өдөртөө хэдэн мянган хүн, хэдэн зуун машин дамжин өнгөрдөг энэ боомтын гаалийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрч байгаад ачаа бараа тээвэрлэсэн жолооч нар болон наймаачид тун их бухимдалтай байна. Учир нь, өмнө нь “цайны цаг” гэсэн тусгайлсан эрх ямбагүй ажиллаж болоод байсан гаалийн байцаагчид өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбатын шийдвэрээр “цайны цаг”-тай болсон аж. Цайгаа уухаар хамаг ажлаа хаяад явчихдаг гаалийн байцаагчдаас болж, тус боомтоор дамжин өнгөрдөг хүн, машинуудын хөдөлгөөн хоёр цаг шахам хий дэмий хүлээгдэж, бөөгнөрөл үүсээд байгаа гэнэ. Уг нь хил боомтын албад тасралтгүй ажиллах ёстой атал Б.Хишигбат ийнхүү дур мэдэн шийдвэр гаргаснаар олон мянган машин, хүмүүсийн түгжрэлийг бий болгоод байна. Гэтэл хил дээр үүргээ гүйцэтгэж буй мэргэжлийн хяналтын алба, хилийн алба, хорио цээр гэх мэт бусад албад цайны цагаа зохицуулан ард иргэдэд шуурхай үйлчилж болоод байхад зөвхөн гаалийн байгууллага л ийнхүү хоёр цаг шахам хүмүүсийг хүлээлгэж хүнд суртал гаргадаг. Гаалийн байцаагчдын цайны цаг дуусахыг тэсэн ядан хүлээсэн жолооч нар болон наймаачид удаа дараа энэ байдлаа залруулахыг хүссэн ч бахь байдгаараа байгаа гэнэ. Гаалийн ерөнхий газрын даргаасаа давсан шийдвэр гаргасан энэ асуудлыг даруйхан цэгцлэхгүй бол жолооч, наймаачид бослого гаргахад ойрхон болоод байна.

5

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ