Ч.Бямбадорж: Намчирхаж талцах асуудлыг дээдүүл хөгжөөдөг
Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга Ч.Бямбадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
.
Юуны өмнө сумандаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулаач?
-Энэ жил Баянтэс сумын маань түүхт 90 жилийн ой болсон. Ойн хүрээнд нилээдгүй ажил хийхээр төлөвлөж, төрийн болон төрийн бус байгууллагууд хийх ёстой ажлаа хийж хэрэгжүүлсэн. Сумын төв маань Ахуйн үйлчилгээний төв гэдэг хоёр давхар том байшинтай болсон. Сум хөгжүүлэх сангийн мөнгө 224 сая төгрөг ирэхээс 90 сая нь л бидний гар дээр ирсэн. 26 хувийг нь өгөхгүй улс орны санхүү хүндэрлээ гээд буцааж татсан гэж дуулдсан. Бусад нь ирээгүй л байна. Ирсэнээр нь хийх юм аа хийчихээд сууж байна. Тухайлбал, Ахмадын өргөө, амралт сувиллын газар, сургууль орчны тохижилтийг хийх, бүх байгууллагуудын дотор тохижилт өнгө үзэмж сайжруулах, ард иргэдийн хашаа хороог янзлах зэрэг ажлыг хийлээ. Гэхдээ төлөвлөсөн ч хийж амжаагүй олон ажил байна. Тэдгээрийн хамгийн нэгдүгээрт манай суманд интернэт орох ёстой. Интернэт гэдэг юм л хамгийн чухал шаардлагатай байна даа.
.
-Бүх сумдыг интернэтэд холбогдлоо гэж мэдээлсэн шүү дээ.
-Холбогдож чадаагүй байгаа. Тендэр зарласан, судалгааны ажилдаа явж байна гэсэн. Он дуусахад хэдэн сар дутуу байна тэр ажлыг л амжуулахыг зорьж байна.
.
-Боловсрол, эрүүл мэндийн чиглэлд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?
-УИХ-д Завхан аймгаас нэр дэвшсэн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өсвөрийн шатарчин 9999” тэмцээн зохион байгуулж, манай сумаас 400 гаруй хүүхэд оролцлоо. Шатрын тэмцээн зохион байгуулж байгаа нь сайн, хүүхдүүд шатраар сэтгэлгээ нь хөгжих боловч тэдний боловсролд илүү анхаарах хэрэгтэй. Тэр дотроо математик, англи хэлни сургалт руу илүү анхаарах нь зөв гэж бодож байгаа. Энэ асуудалд онцгой анхаарч сургуулийн захиргаатай хамтарч ажиллахаар ярьсан. Суурь боловсролын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бүрэн хамруулахыг зорьж байна. Байр талбайн хүрэлцээ хүртээмж муу байгаа. 320 хүүхдийн сургуультай боловч 600 хүүхэд хичээлллэж байна. 2-3 ээлжээр хичээллэж байна. 75 хүүхдийн цэцэрлэгтэй атал 150 хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгт орж чадахгүй 40-50 хүүхэд гэртээ байна. Тэдэнд гэр цэцэрлэг явуулж байгаа. Энэ мэт олон асуудал бий. Эмнэлгийн хувьд харьцангуй бололцоотой. 2 давхар эмнэлэгтэй. Манай суманд 7 сараас хойг огт бороо орсонгүй. Энэ л хамгийн сэтгэл зовоосон асуудал болсон. Ингэж гандуу байх нь хөдөөгийн малчид хадлан тэжээлээ бэлдэхэд бэрхшээл учруулдаг. Тиймээс эдгээр асуудалд анхаарлаа хандлуулж энэ намрын ажлыг дуусгана даа.
_
-Танай сум нийт хичнээн хүн амтай, хэдэн хувь нь залуучууд, хүүхэд ахмад насныхан байна вэ?
-2 мянга 569 хүн амтай. Завхан аймгийнхаа хэмжээнд эхний 5-6 ордог сум. Ихэнх сумдууд 1000 гаран хүнтэй л байдаг. 3000 гаран хүнтэй байсан ч нүүдэл суудал болоод явцгаасан. Сумын дунд сургуульд 600 гаран хүүхэд суралцаж байна. Нийт хүн амын 60 хувь залуучууд, 200 гаруй өндөр настан тэтгэвэр тэтгэмжээ аваад байж байна.
_
-Ажлын байрны хүртээмж, хүрэлцээ хэр байна. Танай суманд яг ямар ажлын байр байна вэ?
-Сумын хэмжээнд хамгийн чухал юм бол ажил хийх. ЖДҮ зэрэг янз бүрийн төсөл зээлд хамрагдаж байна. Хүн болгоныг ажлын байраар хангачих боломжгүй байна. Хэн нэгэн нь зээл, туслалцаа авна. Гэтэл зээлээ аваад өөр тийшээ явдаг, хувь гэр лүү ордог зэргээс үүдэн зээл тусламж үр дүнгүй болдог. Ахуй үйлчилгээний төвийн хувьд ажлын байрыг нь бий болгоод өгье. Та нар тэндээ ажилла гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Дотроо 17 өрөөтэй, дотор нь оёдол хийх гурван өрөө, гэрэл зурагчин, канон, үсчин, фитнесс ажлуухаар төлөвлөж, орон нутгийн хөгжлийн сангаас фитнессийн тоноглол авсан. Мөн гуталчин ажиллах өрөөнүүд бий. Удахгүй бүрэн ашиглалтад орохоор 20 орчим ажлын байр бий болно. Гэхдээ ажилгүй хүн маш олон бий. 160-аад төрийн албан хаагч, бизнес эрхэлдэ,г сумын төвийн дэлгүүрүүдэд ажилладаг 22 хүн байна. Ченжийн ажил хийдэг хэдэн хүн, Малчдын хоршоонд ажиллдаг хэдэн хүн байна. Бусад нь үндсэндээ ажилгүй л явж байгаа.
.
-Ажилгүйдэлийг дагаад архидалт их байдаг шүү дээ. Тэр асуудал ямар байгаа вэ?
-Ажилгүйдэл архидалт байна. Ямар ч байсан төрийн албан хаагчдын ажлын байрны архидалтыг бүрэн зогсоосон. Ард иргэдийн хувьд гайгүй болсон. Ажилгүй хүн угаасаа архи руу л явдаг. Амьдрал доошлох тусам тэр лүү явдаг юм байна. Мөнгөтэй болгон архи уудаг гэвэл худлаа. Тиймээс ажилгүйдлийн түвшинг бууруулахад төр засгийн бодлого, сумын захиргааны бодлого ч гэсэн тэр лүү чиглэсэн байх ёстой юм байна. Хүн ажилтай болж байж, архинаас холдож, архидалт багасдаг гэдэг. Сумын хэмжээнд архаг архичин нь цөөн ч гэсэн байнга архи уудаг хүн байж л байна.
_
-Зарим аймаг сумдууд өөрийн брендтэй байдаг даа. Танай сумын хувьд онцлох брэнд байгаа юу. Түүнийгээ ашиглан ажлын байр нэмэгдүүлэх боломж байна уу?
-Яг тийм бренд гэх зүйл бол одоогоор алга. Бодож төлөвлөж байгаа юм бол бий. Газар тариалан эрхлэх боломжтой гэдгийг харж байна. Хуучин ашиглаж байсан газар тариалангийн суурь байгаа. Гэхдээ манай сум чацаргана ихтэй нутаг ч гэлээ түүгээрээ юм хийж бас л чадахгүй байна.
_
-Аль ч төрийн байгууллагад намын харъяалал гэж нэг асуудал яваад байдаг даа. Таныг МАН-ын хүн гэж сонссон. Намын харъяаллаас үүдэн таны ажил үйлчилгээнд хэр саад учирдаг вэ. Нууц биш бол хариулаач?
-Байлгүй яахав. Ганц асуудал чинь тэр. Дэндүү намчирхсан асуудал тархсан. Энэ бол ганцхан Баянтэсийн ч асуудал биш. Сум болгонд ийм асуудал байгаа. Ажил хийлгэхгүй. Нөгөө намын хүн сайн юм хийсэн байсан ч үнэлэхгүй муухай тогтолцоо бий болчихсон. Засаг даргаар сонгогдсоноосоо хойш хоёр жилийн хугацаанд ярьж байгаа ганц зүйл минь энэ. Энэ намыг больё, энэ талцдаг асуудлыг зогсооё гэж. Магадгүй би чадахгүй юм байна. Бусад сумдууд ч чадахгүй юм байна гэдгийг мэдэрч байна. Яагаад гэвэл дээрээс ирж байгаа хүмүүс энэ асуудлыг үүсгээд явчихдаг. Дээд талд байгаа намын удирдлага, төр засгийн эрхмүүд, УИХ-ын гишүүд энэ талцах асуудлыг хөгжөөгөөд, туйлшруулаад байна гэж харж байгаа. Энэ бол доороос эхэлдэг асуудал биш ээ.
_
-Танай сумын ард иргэдийн намчирхдаг асуудал хэр байна?
-Их байна. Ганцхан ийм л асуудал байна. Сонгуулийн үеэр тэр асуудал чинь жинхэнэ гарч байгаа. Гэр бүлийн хоёр, ах дүү нар, багийн гишүүд, сумын иргэд хоёр тийшээ харчихдаг. Хоёр хуваагдсан үзэл бодол нь үргэлжилсээр ажил хийлгэхгүй тээг болж байгаа тохиолдол маш их байна. Хийх гэж байгаа ажлыг үгүйсгэх, хийсэн ажлыг энэ яах гэж байна хардаж сэрдэж, үгүйсгэх асуудал цөөнгүй гардаг.
_
-Сургууль цэцэрлэгийн барилгын шинэчлэл хэр хийгдэж байна. Ер нь барилгууд нь их муудсан харагдсан. Солих боломж бололцоо байгаа юу, хичнээн төгрөг шаардалагатай бол?
-1985 онд барьсан 300 хүүхдинй сургууль, 1982 онд баригдсан дотуур байр одоо бүгд муудсан. Засвар ороод ч засал авахааргүй болж байгаа. Зайлшгүй шинэчлэх шаардлагатай. 640 хүүхдийн Шинэ барилгатай болгож өгөөч ээ гээд УИХ-ын гишүүнээ хүсэлт гаргачихаад л яваад байна. 1-2 тэрбум төгрөг гээд том тоо гарч байна лээ. Манай сумын хувьд Соёлын төвийн барилга маш муу. 1960-аад онд баригдсан ийм Соёлын төв хаана ч байхгүй. Өмнөх Засгийн үед 600 сая төгрөгөөр шинэчлэнэ гээд төсөвт суусан байна. Одоо энэ засгийн үед 1 тэрбум 200 сая төгрөг болсон гэж дуулдаад царцаасан барилгын тоонд орчихсон яваа. Магадгүй намтай холбоотой алга болсон гэж бодож байгаа. Хаана алга болсныг хэлж мэдэхгүй байна. Аль нэг намын асуудал биш, улс эх орны эрх ашиг хамгийн чухал гэж боддог. Завхан аймгийн 9999 хүүүхэд оролцсон энэ шатрын тэмцээнийг өндөр шагналтай зарлаад, мэддэг мэддэггүй янз бүрийн хүүхэд тоглуулж байхаар мэддэг хүүхдүүдийн нь жинхэнэ өрсөлдөөд, өөрсдөө аймагтаа очоод оролцсон бол илүү үр дүнтэй болох байсан гэж бодож байна. 9999 хүүхэд тоглоход яг үнэндээ хэд нь жинхэнээсээ тоглоод бусад нь зүгээр тоглосон болоод өнгөрснийг хэн ч мэдэхгүй. Хүний хийж байгаа ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ л шатраар шоу хийлээ гэж харагдаж байна даа.
_
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ