Нисэх буудлуудад сургалт зохион байгуулна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба хамтран “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болон Улаан-Үүд хотын нисэх буудалд үзүүлэх сургалт зохион байгуулахаар болжээ. Харин сургалт явуулах цаг хугацааг ажлын шугамаар нарийвчлан товлох болсон байна.
ө
МХЕГ-ын дарга Д.Батмөнх өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны албаны дарга Сергей Степанович Ханхареевыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ийм тохиролцоонд хүрсэн тухай МХЕГ-аас мэдээллээ.
ө
Манай улс өнгөрсөн онд ОХУ-тай хамтран “Урвах тахал ба шувууны томуугийн хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээ” сэдэвт хамтарсан үзүүлэх сургуулийг Алтанбулаг, Хиагт боомтод зохион байгуулж байсан. Мөн МХЕГ 2010, 2013 онд ОХУ-ын БНБУ-ын хяналтын байгууллагатай эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба хооронд нутаг дэвсгэрийн эрүүл ахуй, халдвар хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг тус тус байгуулсан.
а
Энэ дагуу хил дамнасан усны эрүүл ахуй, халдвар хамгаалал, мал, амьтны халдварт өвчинтэй холбоотой мэдээ, мэдээллээ улирал бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь харилцан солилцож, эрдэм шинжилгээний хурал, семинар харилцан зохион байгуулдаг. Түүнчлэн жил бүр хил дамнасан голуудад шинжилгээтэй хяналт шалгалт хийдэг нь үр дүнгээ өгч байгааг талууд уулзалтын үеэр тэмдэглэжээ. Цаашид харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны ард иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө бодитой, үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ