Гэрч, хохирогчид зориулсан тусгай өрөөтэй боллоо
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5 дугаар бүлэгт “гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасны дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, 2013 оны 7 сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн дагуу Тахарын Ерөнхий Газарт Гэрч, хохирогчийг хамгаалах газар байгуулагдсан билээ. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд Гэрч, хохирогчийг зөвхөн нотлох баримтын эх сурвалж төдий авч үздэг байсан хандлагыг өөрчлөх, тэдний хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж эхэллээ.
7
Гэрч, хохирогчид ихэнхдээ сэтгэл зүйн хувьд айдас, дарамтанд байдаг. Иймд гэрч, хохирогчийг сэжигтэн, яллагдагч болон тэдний гэр бүлийнхэн, өмгөөлөгчидтэй нь нүүр тулах, тэднээс айж эмээх, сандрах, түгших зэрэг сэтгэл зүйн дарамтанд байлгахгүйн үүднээс төр ивээлдээ байлган, шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үеэр тусгай хүлээлгийн өрөөнд байрлуулах шаардлагатай байдаг. Энэ дагуу шинээр байгуулагдсан Тахарын албанаас энэхүү чухал санаачлагыг гаргаж, анх удаагаа гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөөг Баянзүрх дүүргийн эрүүгийн 1 дүгээр шүүх дээр байгуулллаа. Уг өрөө нь гэрч, хохирогчдод шүүн таслах үйл ажиллагааны явцад аюулгүй байдлаа хамгаалуулах, хууль эрх зүй, сэтгэл зүй болон эрүүл мэндийн бодит туслалцаа, дэмжлэг авахад нь зориулагдсан бөгөөд үйлчлүүлж буй хүмүүстээ тав тухтай орчныг бүрдүүлэхийг зорьсон байна.
6
Төрийн нэрийн өмнөөс гэрч, хохирогчийг хамгаалдаг, аюулгүй байдлыг нь хангадаг тогтолцоог бий болгохын тулд бусад шүүхүүд болон гэрч, хохирогчийг хамгаалах эрх бүхий байгууллагуудад иргэддээ зориулсан үйлчилгээний шинэ соёл, хандлагыг нэвтрүүлэхэд нь үлгэр дууриал үзүүлэх зорилготойгоор уг үйл ажиллагааг санаачилсан. Цаашид бусад шүүхүүд дээр ийм үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээр төрийн хамгаалал, хяналт, үйлчилгээний гадна үлддэг байсан гэрч, хохирогч нар болон тэднийг хамгаалдаг, халамжилдаг болсон төрийн тогтолцоог мэдэрч, хэргийн үнэн мөнийг тогтоох үйл явцад итгэл үнэмшилтэйгээр, өөртөө итгэлтэйгээр оролцдог болно. Мөн гэрч, хохирогчийг сэтгэл зүйн хувьд хамгаалалтанд байлгах, шаардлагатай мэргэжлийн туслалцааг газар дээр нь үзүүлэх боломжтой болох юм байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ