Конвенцийн орчуулга, нэр томъёог шүүмжлэв

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

бө

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-нд хуралдсан 21 дэх удаагийн хуралдаан болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганы 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталжээ. Манай улс энэхүү конвенцид гарын үсэг зурах тухай асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөж, 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр уг конвенцид гарын үсэг зурсан байна. Энэ конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж.

бө

Конвенцийн хоёрдугаар зүйлд зааснаар “Хүчээр алга болгох” гэдэг нь “алга болсон аливаа этгээдийн эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн этгээдийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу этгээдүүд, эсхүл төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан бүлэг этгээд тухайн этгээдийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

бө

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин  конвенцийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.  Энэ удаад гишүүд  уг конвенцид нэгдэн орохыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч нэр томъёо, хэрэгжүүлэх тал дээр нь шүүмжлэлтэй хандаж байлаа.

бө

Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд  “Энэ конвенцийн нэрийг уншихаар хүн өөрийгөө хүчээр алга болгох гээд байгаа юм шиг сонсогдож байна. Орчуулгын талаас нь манайхан бодолцох хэрэгтэй. Ер нь сүүлийн үед өргөн барьж хэлэлцүүлж байгаа  хуулийн төсөл, конвенцийн нэр томъёог   гишүүд бид ойлгохоо байгаад байна. “Шилэн данс”  гэх мэт.”  хэмээж байсан бол УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар “Бид олон улсын олон конвенцид нэгдэн ордог. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах боловсон хүчин байдаг юм уу. Бидний нэгдэн орж байгаа олон улсын гэрээ  конвенциуд хоорондоо зөрчилддөг үү” гэж байлаа.

бө

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Манайх олон улсын конвенцийг орчуулахдаа хадмал орчуулгаар явдаг уу”  гэдгийг сонирхсон юм. ГХЯ-ны мэргэжилтэн үүнд “Манайд ГХЯ хадмал орчуулга хийдэг. Олон улсын гэрээ конвенци эхлээд англи хэлээр орчуулагддаг. Үүний дараагаар  монгол хэл дээрээ хадмал орчуулга хийдэг” гэсэн тайлбар хийсэн.

бө

Олон улсын гэрээ конвенцийн нэр томъёо  ийн шүүмжлэлд өртөж байгаатай  холбогдуулан орчуулгын төсвийг нэмэх хэрэгтэй гэсэн санал ч гишүүдийн зүгээс гарч байна.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jghjf:
konvents ugaasaa angli he‘ll deer bdag. ehleed angli he‘ll ruu orchuulagddag gej yugaa dongosood bnaa??
2014-10-09