Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

бө

Нийтдээ 6.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа аж. Уг төслийн үр дүнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга зэрэг Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаар эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирч Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 300 000 иргэдэд үйлчлэх боломжтой болох аж. Түүнчлэн уг төв нь бусад бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн төв эмнэлгүүдтэй телемедициний сүлжээгээр холбогдож, эмчилгээ, оношилгооны үр дүн сайжрах нөхцөл бүрдэх юм байна.

өа

Уг хөнгөлөлттэй зээлийг батлах эсэх дээр гишүүд нэлээн мэтгэлцэв. Зарим гишүүд өр зээл нэмэгдлээ гэж байгаа бол нөгөө хэсэг нь эрүүл мэнд, гадаад харилцаагаа бодолцоод шийдэх хэрэгтэй гэж байлаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  “Эдийн засгийн хямралаас гаргадаг зөв механизм энэ биш. Нийслэлд хүн амын 3/1 нь амьдарч байна. Гэтэл татвараа нэмэгдүүлье гэж байна. Засгийн газрын данхайсан бүтцээ бууруулж, яамдаа нэгтгэж байгаад зардлаа гарга. Үүнийг дэмжихгүй, унагаах нь зүйтэй” гэсэн бол  УИХ-ын гишүүн С.Баярцогт “Би энэ хуулийг дэмжихээс аргагүй байдалд орчлоо. Бид итгэлгүй түнш гэдэг асуудал бий болно. Гадаадтай харьцаж байгаа харьцаан дээрээ урт хугацаанд тогтвортой харилцагч гэдгээ нотлох хэрэгтэй. Дотоод улс төрөө дотроо шийдье. Эрүүл мэндийн тоног төхөөрөмжөө олон газраас авч байгаа шүү. Бүх зүйл хоорондоо уялдаатай байх ёстой. Дээр нь сургалт дээрээ анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

өа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Баруун бүсийн ард иргэд хүнд байдалд ажиллаж амьдардаг.  Эрүүл мэнд, ажил амьдралаа хөөж нийслэлд нүүж ирдэг. Тэд нутагтаа сайхан амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тийм учраас 30 жилийн хугацаатай, хүүгүй зээлийг яагаад авч болохгүй гэж.  Өнөөдөр манайд бий болсон санхүүгийн хямралд хүнд амьдралтай ард иргэд илүү өртөж байгаа гэлээ.

өа

Ингээд санал хураалт явуулахад  “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг гишүүдийн 77,8 хувиар дэмжив.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aikerim:
Sain bn uu medeelel awii 94918448
2021-12-22
зора:
76 сайн байна
2014-10-09