Хойно ургасан хоёр эвэр
Дарга анги дахь бүлэглэлүүдийн ашиг сонирхолын дагуу төрд давхардсан бүтэц буй болгож асан социализмын үеийн түүх өдгөө ч давтагдсаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн компанийхаа үеэр санаачлан эхлүүлсэн “Шууд ардчилал” номлолын хүрээнд өдгөө сум бүрт бий болоод буй иргэний танхим бол үүний тод жишээ. Иргэдийн сонголтоор бий болсон ИТХ эрх мэдлээ хэрэгжүүлсээр атал шат шатанд иргэний танхимыг байгуулсан нь засаглалыг дэргэдэх нэгэн шинэ тогтолцоог босгож ирсэн. Иргэд цуглан үзэл бодлоо илэрхийлэн, төрийн шийдвэрт тусгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх танхимуудыг ИТХ-ын дэргэд байгуулчихад л хангалттай байтал зориуд ийм бүтэц бий болгосон нь ерөнхийлөгчийн шинэ бас том амбиц.
ө
Энэ том амбиц улс төрийн намуудад ч мөн зэрэгцэн бий болсон. Хоёр том намын “том амбиц”-тай дарга нар олон нийтийн байгууллага гэсэн халхавчтай нээлттэй фракциуд байгуулсан нь үйл ажиллагаа, нөлөөлөлийн хүрээгээ улам бүр тэлсээр байна. Зүүний хүчний холбоо, Ардчилсан хүчний холбоо нэртэй эдгээр байгууллага нам дагасан залуус болон эрх мэдлийн хувиарлалтаас гадуур үлдсэн эрхмүүдэд чиглэсэн бодлогыг “Улс орны ирээдүйн тусын тулд” хэрэгжүүлсээр өдгөө фракцын төвшингээс хальж, эрх мэдлийн төлөө тэмцэх бүлэглэлийн хэмжээнд очжээ. Өөрөөр хэлбэл нам доторх нам.
ө
Зүүний хүчний холбоо
ө

ө
Ийнхүү өдгөө УИХ дахь намын бүлэг болон намын бага хуралд жин дарж буй М.Энхболд тэргүүтэй хотын фракцын эсрэг 2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Энхбаярыг шахан зайлуулсан бүлэглэл ахин нэгдэснээр ирэх онд МАН-ын дотоодод томоохон тэмцэл өрнөх нь тодорхой боллоо. Ялагдлын бурууг үүрч, парламентаас гадуур алхаж яваа эрхэмүүд жирийн гишүүдийн дунд авралын элч болон буух суурь дэвсгэр нь Зүүний хүчний холбоо.
ө
Нэгэнтээ ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг”-ийг өөрийн гараар шивж сууснаа бахархан дурссан Т.Аюурсайхан нарын хэсэг залуусыг нэгтгэсэн МАН-ын шинэчлэлийн хорооныхны баадууг хэн чангалж байсан нь ч өдгөө тодорхой болов. Намын даргынхаа газрын наймаачны яруу алдарыг нөхөрсгөөр сануулж асан шинэчлэлийн хороо бол Зүүний хүчний холбооны шинэ удирдах зөвлөлийн арай залуу хувилбар юм.
ө
У.Хүрэлсүхийн улс төрийн нөлөөллийг хадгалах зорилготой байгуулж, хөрөнгө хүч хаян улс орон даяар зөвлөгөөнийг нь зохион байгуулсан зүүний хүчний холбоон дээр бас нэгэн бодит хүч нэмэгдсэн нь сонгуулийн дараа ажлаасаа салсан ардын намын угшилтай төрийн албан хаагч, хурган дарга нар. Уламжлалт хоморголон халалтын дараа Зүүний хүчний холбоо төв намаасаа ч илүү Н.Алтанхуягийн засгийн газрыг шүүмжилж, лааз өшиглөгсдийг ивээлдээ авсан. Хөдөө орон нутгийнхнаас голчлон бүрдэх, сонгогчдын дунд хийсэн ажил, хэлэх үгтэй хөдөөний голцуу хурган дарга нар, тэдний нөлөөлөлийн хүрээ ингэхээр Зүүний хүчний холбооны бас нэгэн давуу тал болж байна.
ө
Дөрвөн жилийн дотор дөмөгхөн ургаж бэхэжсэн энэ эвэр эхлээд хашаан дотрохоо мөргөж номхруулахыг хүсэж буй. Дараа нь төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлийн үед кампанит ажлын голыг нугалах туурай болно.
ө
Ардчилсан хүчний холбоо
ө
Н.Алтанхуягийн засгийн газрыг дэнжигнэх бүрт ард нь З.Энхболд байгаа талаар ярьцгаадаг. Социал демократ нам тусдаа байх үеэс л хатуу самар гэгдсэн тэрбээр өдгийгийн ардчилсан намын хамгийн хүчтэй лидерт тооцогдож байна. Тэрбээр Шинэчлэлийн засгийн газар байгуулагдахаас даруй хоёр жилийн өмнө 2010 оны нэгдүгээр сарын 25-нд тухай үеийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Д.Одхүү, Г.Баярсайхан болон тэр үед ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж асан Ц.Оюунгэрэл нарын хамт сэтгүүлчдэд хандаж “Ардчилсан хүчний холбоо” нэртэй олон нийтийн байгууллага байгуулж буйгаа зарласан. Эл байгууллага Зүүний хүчний холбоотой адил хөдөө орон нутгаар зөвлөгөөн, цугларалт зохион байгуулж эхлэв. Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж ирсэн эдгээр цугларалтад залуудын оролцоо зонхилдог. Ардчилсан намын анхан шатны байгууллагын одоогийн удирдлага нь 1990 оноос хойш намд зүтгэсэн тууштай партизан, нэр бүхий томоохон лидерүүдийн гарын хүмүүс байдаг тул тэрбээр залуучуудыг онилсон бодлогыг хэрэгжүүлж буй юм. Саяхнаас Ардчилсан хүчний холбоо хилийн чанад дахь иргэдэд чиглэсэн арга хэмжээ ч зохиож эхэлсэн.
ө
“Монголоо шинэчилье” гэсэн уриатай Ардчилсан хүчний холбооны удирлага Ардчилсан намын шонхор фракцын гишүүдээс голчлон бүрдэнэ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг эгнээндээ нэгтгэсэн тус фракц ирэх сонгуулийн өмнөх намын даргын өрсөлдөөнд өмнөх их хурал, ҮЗХ-ний хурлуудын адил Алтан гадасынханд далаараа тавиулахгүйн тулд идэвхтэй ажиллаж, МоАХ-ны фракцыг үндсэндээ хамтрагч болчихоод байгаа. З.Энхболд холбоогоо анх байгуулахдаа л ““Саяхан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг АН-ын гишүүн байсан гэдгээр нь ялгаварлан халсан.Тэр энэ асуудлаараа Ардчилсан намд хандан өмгөөлөл эрсэн боловч нэгэнт төрийн албан хаагч болж намаас гарсан тул туслах боломжгүй хэмээн буцаасан байгаа. Энэ маягаар Ардчилсан намын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхийн тулд энэхүү байгууллагын байгуулж байгаа юм. Ийм хэлбэрээр л төрийн албанд орсон ч ардчилсан үзэл бодлоороо ялгаварлагдаад хохирсон иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаас өөр арга өнөөдөр байхгүй байна” хэмээж байснаас уг холбооны үйл ажиллагааны гол шугам намын байгуулалтад шүүмжлэлт өнцгөөс хандах явдал байсныг харж болно.
ө
Одоохондоо үйл ажиллагаа нь намдуухан байгаа ч Ардчилсан хүчний холбоо бол Ардчилсан намын толгойноос ургаж буй бас нэгэн эвэр. Энэ эвэр ирэх сонгуулиас өмнө орчин тойрноо мөргөөд эхлэхгүйч, дараагийн ерөнхийлөгчийн сунгаанд ид шидээ харуулж эхлэх нь дамжиггүй.
ө
Я.Баяр
ө
Үндэстний тойм сэтгүүл №40(243)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ