Гал түймрийн 38 дуудлага иржээ

img

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбоотой ослын нийт 41 дуудлагыг иргэд ирүүлснээс гал түймрийн болон галын зөрчлийн 38, аврах ажиллагааны 2, зам тээврийн ослын 1 дуудлага байлаа.

Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа энэ үед ялангуяа гэр хороололд гэр, байшин, хашаа, автомашин зэрэг обьект шатсан тухай дуудлага ихээр ирүүлэх болсон байна. Галын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүрэг хариуцсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар өнгөрсөн 7 хоногт урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг эрчимжүүлэн ажиллажээ.

Тодруулбал: Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар энэ хуагцаанд нийт 95 объект, 748 айл өрхөд галын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд 474 зөрчил илэрч, 105 зөрчлийг нь газар дээр нь арилгуулсан байна. Мөн заавал биелүүлэх албан шаардлага 18, мэдэгдэл 27, зөрчлийн тэмдэглэл 11 удаа өгч, холбогдох албан тушаалтан болон иргэдэд 715 санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж, 1047 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулаг яриа хийсэн бол Аврах, гал унтраах ангиуд энэ хугацааанд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 9х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, дотор талд таазны хэсэг шатаж байсныг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 39 дүгээр гудамжинд 4х8 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын Айдсын гудамжинд 15х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг тус тус ажиллаж унтраажээ.

Гал гарсан шалтгаан нөхцөлийг нь авч үзвэл иргэдийн санамсар болгоомжгүй үйлэлтэй холбоотой байна. Тухайлбал, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал алдах, яндангийн цонолт, цахилгаан угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсан байна.

Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн аюулд Налайх дүүрэгт 1 иргэн өртөж амь насаа алдсан бол харин гал сөнөөгчид 79 настай хэвтрийн хөгшинийг галын аюулаас амь насыг нь аварлаа.

Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж гал түймрийн аюулд өртөхгүй байхыг НийслэлиЙН Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Харин аврах ажиллагааны тухайд өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрийн зүүн талд дулааны шугамын худагт 22 настай, эрэгтэй Х-гын нүүр, 2 гар нь түлэгдсэн байсныг гаргаж эмнэлгийн тусламж үзүүлэн Яаралтай тусламжийн 103-т шилжүүлэн өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ