312 нэрийн эмийг улсын бүртгэлд оруулжээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа, МХЕГ-ын улсын байцаагч болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбоо, үндэсний эм үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа эх орны эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчдэд удаа дараа албан тоот явуулсан боловч тодорхой ахиц гарахгүй байгааг дахин сануулав. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж, худалдах нь эмийн чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг бий болгож байгааг онцлоод бүртгэлгүй эм үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоохыг анхааруулжээ.
ө
Эм зүйн салбар зөвлөл өнөөдрийн байдлаар үндэсний эмийн үйлдвэрийн 312 нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Хүний эмийн зөвлөлд Монос фарм эмийн үйлдвэрийн 5 нэр, Айвико эмийн үйлдвэрийн 1 нэрийн эм бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Харин энэ онд 91 эмийн материалыг хянаж, шаардлага хангаагүй 10 байгууллагын 32 эмийн материалыг буцаажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ