Дууны шүлгийг дураараа бичиж болох уу
Хүмүүний амьдралыг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улсын төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Сайн шүлэг өөрөө аялгуутайгаа байдаг юм” гэж нэгэнтээ хэлсэн. Үүнээс үзвэл сайн шүлэг гэдэг тухайн дууны хувь заяаг шийддэг зүйл юм. Тиймээс дуу төрөхийн үндэс нь яруу найрагчаас хамааралтай асуудал. Урлагийн төрөл зүйлээс түмэн олонд хамгийн ойр бөгөөд хамгийн хүртээмжтэй амархан нийтийн хүртээл болдог гээд маш олон өвөрмөц талтай төрөл юм.
a
“Дуунд тухайн улс үндэстний хэл соёлын дархлаа, ёсзүй, гоозүйн дангааршил, сэтгэлгээний өвөрмөц онцлог хадгалагдаж байдаг нь бичигдээгүй хууль. Тиймээс энэ урлагт ялангуяа дууны шүлэг яруу найрагт яаж хандана түүнээс шууд хамаарч тухайн улсын тусгаар тогтнолынх нь үнэ цэнэ тодорхойлогдоно” гэж яруу найрагч Ц.Эрдэнэбаатар бичсэн байдаг нь маргаан байхгүй үнэн. Сайхан хайрын дуу бие биеэ хайрлах хүндэтгэх, харин эх орны дуу улс үндэстнээрээ бахархах үзлийг төлөвшүүлж байдаг билээ.
a
Дуунаас түмэн олон маань ухаарлыг авч,танин мэдэж, амьдралынхаа эрч хүч, энергийг авсаар ирсэн. …Энэрэл хайр судсанд нь лугшдаг Эргэх дэлхий ухаанд нь багтдаг Амь, амьдралын алтан багана эр хүн байна Аз жаргалын адь биш түшиг эр хүн байна…”хэмээн ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэн гуайн гайхалтай сайхан шүлэглэсэн байдаг.
a
Энэ дуунд дургүй монгол хүмүүн үгүй биз. ...Жаран жил ханилавч Хайрын гал минь хэвэээрээ Жаргал зовлонг амсавч Өгөөмөр сэтгэл минь янзаараа” хэмээн АУЗ Ш.Дулмаа гуайн дууны шүлэг нь хүмүүнд ухаарал хайрласаар ирсэн. Гэтэл өнөөдөр яагаад ийм дуунууд төрөхгүй байна вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
a
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд бидний амьдралын хэмнэл маш хурдацтай өрнөж техник технологийн хөгжил дэвшлийн хурд, мэдээллийн нягтаршил, тооцохын аргагүй болжээ. Саяхан шинэ байсан зүйл маргааш хуучрах жишээтэй. Яг үүнийг дагаад уран бүтээлчээс цаг үе маш их хурдыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, дуучин буюу уран бүтээлч нь олон нийтэд удаан хүрдэг цаг хугацаа хөрөнгө мөнгө илүү зарцуулагддаг мэргэжлийн уран бүтээлийн оронд хямд өртөгтэй олон нийтэд хурдан хүргээд түргэн хугацаанд зарлагаа нөхдөг тийм бүтээл маягийн зүйлийг илүү таашаах болсон гэлтэй.
a
Тухайлбал, МУГЖ "Харанга"-ын Х.Лхагвасүрэнгийн дуулсан “Хайртай гэхээсээ өмнө” гэсэн нэртэй дууны шүлгийг анзааран сонсвол утгын хувьд их алдаа байна. Чамдаа би хайртай гэж хэллүү Чамаасаа өөр хэнд ч ингэж хэлээгүй Чамайг байхад зүрх баяраар дүүрч Чамайг эзгүйд сэтгэл гуних юм” гэж эхлээд яг энэ мэт ийм учир нь үл ойлгогдох, утга үл гүнзгийрсэн бадгууд үргэлжилнэ
a
Аргисан өвгөний яриа мэт санагдах эхний мөр энэ дууны утганд ямар ч хамаагүй бөгөөд хоёрдугаар мөрөө тодотгох биш улам балартуулсан. Өөрөөр хэлбэл “Чамдаа би хайртай гэж хэллүү” гэдэг үгийг чамаас өөр хэнд ч хэлээгүй ээ гэсэн утгагүйдэл даган гарч ирж байна. Чи хайрын минь тэнгэр Чамтай л би дүүлэн нисдгийм Чи хайрын минь тэнгис Чамтай л би цэнгэн жаргадгийм…гэсэн дөрвөн мөр уг дууны дахилтын шүлэг л дээ. Юу гэж ойлгох вэ?Тэр бүсгүй хайрынх нь тэнгэр тэгсэн байтлаа тэр тэнгэрт тэр бүсгүйтэйгээ дүүлэн нисэхгээд байдаг.
a
А.Мөнх-Оргил “Зохиолын дуу шоу бизнес болсон түүх” өгүүлэлдээ “…менежмент сайн хийж чадвал ямар ч үгс шүлэг болж, ямар ч шүлэг дуу болж, ямар ч дуу од болон гялалзаж, ямар ч хүн яруу найрагч болж болдог юм байна гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд ер нь тогтсон байна.” хэмээн нэлээн голтой тодорхойлжээ.
a
…Чамайг хайрлана гэдэг Өвсөөр гантиг зорох шиг хэцүү…/Б.Лхагвасүрэн/ гэсэн мөрийг
Чамайг хайрлана гэдэг Усан дээр гал түлэхээс хэцүү…гэж өөрчлөөд шүлэг болгочих
Сэтгэлийн сүү минь чамруу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг минь /А.Э/ гэсэн мөрийг
Сэтгэлийн булаг минь чамруу үерлэлээ Хайрт минь...гэж бичиж байх
a
Авьяастай авьяасгүй зохиолчид минь ээ ард түмний сэтгэлгээний илэрхийлэл болсон бидний үр хойч дуулан жаргах энэ дуундаа жаахан болгоомжтой хандаач ээ. Нийтээр нь сонсгож цээжлүүлж байгаа энэ дууны тань найруулгын болон учир зүйн алдаатай уран сайхангүй үлбэгэр шүлгүүд чинь монгол хэлний ариун чанар, найруулгын олон талт өвөрмөц онцлогийг биш учиргүйдэл, сонсмооргүй үнэт бус соёлыг тээж, залуу хойч үеийг эх хэлээрээ монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг хүчгүйдүүлэх нүгэлт ажил болж байгааг хэлмээр байна.
a
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ